27 малчин өрх тус бүрийг 5 сая төгрөгөөр малжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-04 12:40:03
Дундговь/МОНЦАМЭ/”Мал аж ахуйн хөдөлмөр эрхлэж байгаа ч мал маллагааны арга туршлага дутагдах явдал бишгүй тохиолддог. Урьд нь сонсч дуулаагүй, мэдэхгүй байсан олон зүйлийг энэ сургалтаас олзуурхаж байна” гэж малчин залуу Н. Гантөгс, түүний эхнэр Б. Ууганзаяа нар ярьж байна. Тэд Луус сумын малчид. 100 арай хүрэхгүй толгой малтай, залуу гэр бүл юм. Сайхан- Овоо сумын малчин Г. Баярбат, Ц. Мөнхдулам нар ч мөн адил 80- аад бог малтай, малаа өсгөх гээд хичээж яваа залуус. Тэдэн шиг 27 малчин гэр бүл аймгийн МСҮТ- ийн зохион байгуулж байгаа сургалтад өчигдрөөс эхлэн хамрагдаж байна.
Эдгээр малчин Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. Цөөн малтай, 15- 39 насны залуу малчдыг малжуулж, мал аж ахуй эрхлэх арга туршлагыг нь нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго чиглэдэг. Энэ онд Дундговь аймгийн 27 малчин өрх хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд сургалт нь ийнхүү эхэлжээ.
Хонин толгойд шилжүүлснээр 150 хүртэлх толгой малтай бол 5 сая, түүнээс дээш 200 хүртэлх толгой малтай бол 4 сая төгрөгийн малыг малчдад худалдан авч өгнө. Малчид 24 сарын дотор 4- 5 сая төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийн санд эргэн төлөх юм.
Малчин Б. Ууганзаяа “Цөөн тооны малтай болохоор өрхийн орлого бага, өөрийн орлого эсвэл банкны зээлээр мал худалдан авах боломж залуу малчдад байдаггүй. Тиймээс энэ хөтөлбөрт хамрагдсандаа үнэхээр баярлаж байна. Цаг сайхан байвал мал амархан өсч үржинэ. Хичээж хөдөлмөрлөнө гэж бодож байгаа” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. Дээр нь мал маллагааны шинэ соргог санаа, мэдлэг олж авах ийм хичээл зааж байгаа нь тун тустай байна гэлээ.
Малчид мал маллагааны уламжлалт арга туршлага, малынхаа бэлчээр усыг хэрхэн тааруулж, эрсдлээс хэрхэн хамгаалж байх, тэжээл өвсийг хэрхэн бэлдэх зэргээр 3 өдрийн турш мэдлэгээ сэлбэж авна. Сургалтын дараа 7 хоногийн гэрийн даалгавар авч гүйцэтгэн, сургалтын үнэлгээгээ авах ажээ.
Т. Отгонтуяа 
 
Холбоотой мэдээ