Сонгуулийн хэсгийн хороодын тал хувьд нь хяналтын тооллого хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-03 09:58:44
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Сонгуулийн хорооноос томилогдсон хяналтын ажлын хэсэг энэ сарын 29-30-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тус аймгийн Цэнгэл сумын 183, 184, 185, 186, Сагсай сумын 163, 164, 168, Улаанхус сумын 175, 180, Дэлүүн сумын 150, 151, 152, Баяннуур сумын 125, Булган сумын 134, 139, Бугат сумын 130 дугаар санал авах байр зэрэг нийтдээ 47 хэсгийн хорооны саналын хуудсыг гараар дахин тоолох ажлыг зохион байгуулсан байна.

Энэ талаар аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Калекийн Баймурат мэдээллээ.

Эрх бүхий албан тушаалтны өгсөн мэдээллээр гар тооллогын дүн автомат машинаас хэвлэсэн дүнтэй ижил байсан бөгөөд ямар нэгэн зөрүү гараагүй ажээ. Харин сонгуулийн дүнг хоцорч мэдээлсэн шалтгааныг зарим багуудын сумын төвөөс  алслагдсан байдал, цаг   агаарын хүчин зүйл, интернетийн хурдны хангалтгүй байдлаас болсон гэж дүгнэжээ.

2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны санал хураалт явагдсан өдөр Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.13 дахь хэсэгт заасны дагуу сонгуульд оролцсон нам, нэр дэвшигч, сонгогчдын төлөөллийг оролцуулан тус аймгийн 42 хэсгийн хорооны саналын хуудаст техникийн тооллого хийсэн юм. Аймгийн Сонгуулийн хорооноос томилогдсон ажлын хэсэг ийнхүү үлдсэн 47 хэсгийн хороонд хяналтын тооллого хийснээр аймгийн бүх хэсгийн хороодын санал гараар давхар тоологдлоо. 

Ө.Нурболат
Холбоотой мэдээ