АНУ-д пуужингаас хамгаалах систем туршив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-02 16:13:27

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн 230 сая долларын өртөг бүхий цогцолборын туршилт амжилттай болжээ. “Aegis”, “THAAD” систем нь баллистик болон залуурт пуужинг зэрэг илрүүлэн, устгах чадвартай байна. 

“Баллистик пуужингаас хамгаалах системийн бүх элементийг нэгтгэсэн, пуужинг илрүүлэх, мөрдөх, ялгах, устгах гэсэн маш ээдрээтэй, цогц ажиллагааны туршилт хийлээ” гэж Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах агентлаг ням гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Ашгийн бус “Пуужингийн довтолгооноос хамгаалах эвсэл”-ийн үүсгэн байгуулагч Рики Эллисон хэлэхдээ, АНУ-ын цэргийнхэн олон түвшний хамгаалах систем үр ашигтай болохыг анх удаа нотоллоо гэсэн байна.

“Энэ бол том амжилт. Энэ сорилыг давсан нь АНУ цаашдаа “THAAD” батерей эсвэл системийг Европ, БНСУ-д нийлүүлэх итгэл төрүүллээ” гэж нэмж хэлжээ.

Пуужингаас хамгаалах систем хэтэрхий энгийн, жинхэнэ аюулаас хамгаалах чадваргүй хэмээн шүүмжлэгчид үзсээр ирсэн билээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ