М.Зэнээ агсны 70 насны ойг тэмдэглэн өнгөрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-30 14:27:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн асан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Мэндийн Зэнээ агсны мэндэлсний 70 жилийн ой энэ оны долдугаар сарын 11-нд  тохиож байна. Мэндийн Зэнээ агсны төрж өссөн нутаг усныхан буюу Төв аймгийн Бүрэн сумынхан  түүний 70 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр зэхэж буй аж.

Мөн түүний 70 насны ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар амьдарч байсан байранд нь байх хүндэтгэлийн самбарыг шинэчлэн байрлууллаа. БГД-ийн нутаг дэвсгэр, 6 дугаар бичил хороололд байрлах уг байранд М.Зэнээ агсан хань, үр хүүхдүүдийн хамтаар 1994-2002 он хүртэл амьдарч байжээ.

Өнөөдөр түүнийг хань, үр хүүхэд, журмын нөхөд, ах дүү, төрөл төрөгсөд нь дурсан ярьж байна.

М.Зэнээ агсны охин З.Ариунаа хэлэхдээ, “Миний аав их энгийн, сайхан сэтгэлтэй, нөхөрлөлдөө болон үзэл бодолдоо үнэнч, үр хүүхэд бидэндээ уул шиг түшигтэй хүн байсан. Монгол орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө гэсэн тууштай, цэх шулуун үзэл бодолтой явсан аавынхаа баримталж ирсэн “Монголоороо л үлдэх юмсан” гэсэн зарчмыг үргэлжлүүлэн залгамжлуулахыг хичээх болно. Олон жил гэр бүл, үр хүүхдүүд нь хийх юмсан гэж бодож явсан ажлуудын нэг болох  хүндэтгэлийн самбарыг нь шинэчлэх ажилд чин сэтгэлээсээ тусалж дэмжсэн хотын удирдлагуудад талархаж байна” гэлээ.

М.Зэнээ агсны парламентын шинэ цагийн түүхэнд оруулсан хувь нэмрийг нь үнэлэх үүднээс эссэ бичлэгийн уралдааныг нийслэлээс  зарлаж буйгаа дуулгалаа. Мөн Төв аймгийн Бүрэн сумынхан  7 дугаар сарын 19- 21-нд хийх баяр наадмынхаа үеэр М.Зэнээ агсны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх аж.
Б.Заяа
Холбоотой мэдээ