Эрсдлийн даатгалд хамрагдсан компанид барилга угсралтын зөвшөөрөл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 15:26:29

Өнгөрсөн онд Орхон аймагт барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллаагүйгээс  осол гарч нэг хүн нас барсан. Барилгажилт эрчимтэй явагдаж буй энэ үед орон нутагтаа мөрдөх журам батлах зайлшгүй шаардлага гарсан байна.

Иймд АИТХ-ын хуралдаанаар “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийтлэг журам”-ыг баталж 9 дүгээр сарын 30-аас мөрдөж эхэлсэн. Уг журмыг боловсруулахдаа Улаанбаатар хотод мөрдөгддөг хууль, тогтоолыг үндэслэсэн байна. Мөн орон нутгийн онцлогийг харгалзаж даатгалын тогтолцоог нэвтрүүлэхээр уг журамд тусгажээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хариуцлагын даатгалд хамрагдаагүй аж ахуйн нэгжийг барилга угсралтын  үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохгүй гэнэ. Иймд барилгын компаниуд юуны өмнө гэнэтийн ослын болон эрсдлээс хамгаалах даатгалд хамрагдах ёстой юм. Орхон аймагт ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг даатгалын 10 комдани бий. Дашрамд дурдахад, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар жилд 70-80  барилга угсралтын ажилд зөвшөөрөл олгодог байна.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ