Гал түймэрт 66508.3 га талбай өртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2017-06-27 15:49:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийслэлд 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 100 удаа, нийт 116 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508.3 га талбай түймэрт өртсөн байна.

Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Бугат, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Дорнод аймгийн Чойбалсан, Баяндун, Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд тус бүр нэг, нийт 12 түймэр асаж байгаа бол  Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Батсүмбэр суманд тс бүр нэг нийт 2 түймрийг цурманд оруулжээ.
 
Түймрийн голомтод Онцгой байдлын албанаас 180 албан хаагч, 17 автомашинтай, орон нутгаас 235 иргэн, 20 автомашин, 26 морьтой нийт 415 хүн, 37 автомашин, 26 морьтой ажиллаж байна.

Харин улсын хэмжээнд гарсан 116 удаагийн гал түймрийг унтраахад нийтдээ давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагаас 1942 албан хаагч, 216 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 203 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 388 албан хаагч, 22 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 3074 иргэн, 332 автомашин, 51 мотоцикль тус тус дайчлагдан нийт 5643 хүн, 585 автомашин, 51 мотоцикль, техник хэрэгсэл, 181 морьтой ажиллажээ.  

Ж.Болор


Холбоотой мэдээ