ЭМСЯ “Хог bucket challenge” аянд нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:19:24

Эрүүл мэнд, спортын яам харьяа байгууллагууд болох Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Биеийн тамир спортын хөгжлийн төвийн 40 гаруй албан хаагч “Хог bucket challenge” аянд нэгдлээ.

Эрүүл мэнд, спортын салбарынхан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах нийтийн эзэмшлийн талбар болох гэр хорооллын гудамж талбайг цэвэрлэв.

Тус хорооны нутаг дэвсгэр нь нам дор газар байрладаг учир үер усанд автан хөрсний бохирдлыг үүсгэдэг бөгөөд ялангуяа нянгийн бохирдол ихтэй гэдгийг НЭМХ-ийн судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс ил хог хаягдлыг цэвэрлэсний дараа ариутгал халдваргүйжүүлэлтийг давхар хийж айлуудын бохирын цооног, 00-ыг ариутгаж халдваргүйжүүлэв. Энэ нь эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.

Мөн бохирдолтой гурван хэсгээс дээж авч, хүнд металь тодорхойлох /хар тугалга, кадми, зэс, цайр/ болон бактереологийн /нянгийн тоо, гэдэсний бүлгийн бичил биетэн, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бактери, агааргүйтгэл бичил биетэн/ зэрэг нийт найман үзүүлэлтээр шинжилж байна.

НЭМХ-гээс 2013 онд хийсэн хөрсний бохирдлын судалгаагаар Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн хөрс хамгийн их нянтай, химийн хорт бодисууд агуулсан байгааг тогтоож байжээ.

Хөрсний бохирдолтоос болж гэдэсний халдварт өвчин, цусан суулга, сүрьеэ, бруцеллёз, халдварт шар, цагаан хорхой, сибирская язва, тулеремия зэрэг өвчин үүсэх аюултай. Хөрсний бохирдолтоос сэргийлэхийн тулд ус, агаарын бохирдлыг багасгах, эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн бие засах газрын тоог олшруулах, хог хаях цэг, зориулалтын хогийн савыг хүртээмжтэй, хэрэгцээтэй газарт нь байрлуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих стандартын дагуу хийж занших шаардлагатай байдаг.

Тиймээс бидний амьдрах  орчин, хүүхэд багачуудын тоглох газар эрүүл байх учиртай тул бүх нийтийг Хог_bucket_challenge -д нэгдэхийг уриалж байна.

 Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд