Хилээр зааглагдсан ч хэл сэтгэлээр зааглагдаагүй өмнөдийн ахан дүүс

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-06-22 10:12:08
Г.Доржханд

/Аян замын тэмдэглэл/

Гадна дотны сурвалжлагад явж үзээгүй, гадаад мэдээ орчуулахаас өөр онцын ажил хийж үзээгүй орчуулагч-редактор миний биед Монголын хэвлэл мэдээллийн ууган байгууллага болох МОНЦАМЭ агентлагийг төлөөлөн Өвөр Монголын ӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан “Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багийн бүрэлдэхүүнд багтах завшаан тохиосон юм. Энэхүү хамтарсан сурвалжлагын гол зорилго нь ӨМӨЗО-ны 70 жилийн хөгжил цэцэглэлтийн түүх, эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьжиргаа болон түүх соёлын дурсгалт газруудыг элэг нэгт ар монголчуудад сурталчлан таниулахад оршино. Хамтарсан сурвалжлагын багт Өвөр Монголын талаас “Монгол Одон” телевиз, “Талын дуу хоолой” радио “Солонго” сэтгүүл болон Хятадын олон улсын радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 10 сэтгүүлч хамрагдсан бол Монголын талаас үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ, Өнөөдөр сонин, UBS телевиз, Өдрийн сонин, TV5 телевиз, Barilga.mn ба Fact.mn цахим хуудас болон ФМ 107.5 радио-н 12 сэтгүүлч хамрагдлаа.

МҮОНРТ-ийн захирал асан бөгөөд МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюундарь ахлагчтай, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл болсон бидний хэдэн сэтгүүлч зургадугаар сарын 8-ны зуны нэгэн сайхан намуухан үдэш тохь тухтай автобусаар өмнөд хөршийн Эрээн хотыг зорив. Үүгээр бидний 2500 бээр буюу 5000 км-ийн аялал эхэлж байгаа нь энэ ээ. Ингээд бид шөнөжингөө явж, маргааш өглөөний мандахын улаан нарнаар Хятад болон Монголыг холбосон төмөр замын цорын ганц боомт болох Замын-Үүдэд хүрсэн юм. Төд удалгүй Эрээний хил гаалийн шалган нэвтрүүлэх цэгээр саадгүй нэвтэрч, Өвөр Монголын талын үзэгт нэгт нөхөдтэйгөө уулзав. Ерөөлтэй хүмүүс ерөөлтэй өдөр уулздаг юм байна. Энэ өдөр  зуны эхэн сарын шинийн 15-ний билигт сайн өдөр байв.

Өвөр Монголын “Талын дуу хоолой” радион захирал Баясгалан ахлагчтай Хятадын сэтгүүлчдийн баг биднийг зочид буудалд байрлуулж, үдийн хоолоор дайлсны дараа хамтарсан сурвалжлагын нээлтийн ёслол Өвөр Монголын Багшийн их сургуулийн / ӨМБИС/ харьяа Эрээн хотын Олон улсын дээд сургуульд  /ЭХОУДС/ боллоо.

Нээлтийн ёслолын дараа хоёр улсын сэтгүүлчид ЭХОУДС-ийн үйл ажиллагаатай танилцав. ЭХОУДС-ийг 2012 оны тавдугаар сард ӨМӨЗО-ны засгийн ордны зөвшөөрлөөр ӨМБИС болон Эрээн хотын захиргаа хамтран үүсгэн байгуулжээ. Тус сургууль 2012 оны есдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Сургуулийн нийт талбай нь 190 мян м2 бөгөөд үл хөдлөх хөрөнгө нь 12 сая 170 мянган юаниар үнэлэгдэж байна. Дотуур байр болон хоолны газар нь 2000 оюутанд зэрэг үйлчлэх хүчин чадалтай. Одоогоор тус дээд сургууль нь 50 гаруй багш ажилтан /19 монгол багш/ болон 1000 гаруй оюутантай /180 гаруй монгол оюутан/ байна. Тус дээд сургуульд Монголоос гадна ОХУ болон Балба зэрэг улсын оюутнууд суралцаж байна. Өвөр Монголын ӨЗО-ны хэмжээнд байдаг хятад хэлний түвшин тогтоох шалгалт /HSK/ авдаг гурван төвийн нэг нь энэ сургуульд бий.
 
Энэ сургууль хятад хэлний бэлтгэл, Монгол хэл, утга зохиол, олон улсын худалдаа, аялал жуулчлалын менежмент, спорт болон урлаг судлал зэрэг чиглэлээр элсэлт авдаг юм байна.  Тус сургуульд суралцаж буй монгол оюутнууд “2+2” хөтөлбөрийн хүрээнд эх орондоо хоёр жил, тус дээд сургуульд мөн хоёр жил суралцах боломжтой.

Энэ сургуульд багшилж буй 19 монгол багшийн нэг болох Ч.Алтанцэцэг багшид эх орны төдийгүй эх дэлхийн ирээдүйн удирдагчдыг сурган хүмүүжүүлэх хамгийн хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг сургуулийн захирал Ялалт даалгажээ. Ч.Алтанцэцэг  оюутнуудад ёс зүй ба гоо зүйн хичээл заахаас гадна сургуулийн нийт гадаад оюутнуудыг хариуцан ажиллаж байна. Тус дээд сургуулийн дотуур байрны дүрэм журам маш чанга. Манай их дээд сургуулийн дотуур байранд нэг давхарт нь эрэгтэй, хоёр давхарт нь эмэгтэй оюутнууд гэх мэтээр ялгаран амьдардаг бол энэ сургууль эрэгтэй ба эмэгтэй оюутнуудын тус тусдаа дотуур байртай. Эмэгтэй оюутнуудын байр руу эрэгтэй оюутан байтугай эрэгтэй багш ч шагайж болохгүй. Мөн чөлөө авалгүйгээр гадагшаа явсан, тамхи татах, бусадтайгаа хэрэлдэх зодолдох зэрэг зөрчил гаргасан оюутнуудад оноо, тэтгэлгээс хасахаас эхлээд сургуулиас хөөх хүртэлх хэмжээний хариуцлага тооцдог аж.

Эрдэнэт хотын уугуул, Эрээнд ирээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй Ч.Алтанцэцэг багш энэ дээд сургуульд багшилж байгаадаа ихэд сэтгэл хангалуун байгаагаа бидэнд илэрхийлж байсан юм. Түүний ярьснаар, тус дээд сургуулийн захиргаа багш нарын нийгмийн асуудлыг бүрэн шийдэж өгчээ. Багш нарыг үнэгүй байраар хангаснаас гадна сар бүр хоолны мөнгө гэж тодорхой хэмжээний мөнгө өгдөг гэнэ.Харин Монголд багш, эмч, цагдаа зэрэг төсвийн ажилтнууд зээлээс зээлийн хооронд амьдарч, хоёр идэхгүй хоосон хонохгүйн жишгээр амьдарч байгааг нуух юун.

Үүний маргааш өглөө бид Замын-Үүдээс 9 км зайтай орших Эрээний хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Эрээний шалган нэвтрүүлэх цэгээр 7-8 дугаар сард өдөрт 10 мянган хүн, бусад үед өдөрт 6000-7000 хүн орж гардаг аж. Мэдээж тэдний дийлэнх нь монголчууд буюу Монголын наймаачид.


1990-ээд оны үед хэдхэн шавар амбаартай байсан гэгдэх Эрээн хотын хөгжил цэцэглэлтийг өнөөдөр хүн бүр  ам булаалцан ярьж байна. Харин манай Зам-Үүд бахь байдгаараа л. Эрээн ба Замын-Үүд ялгаагүй цөлжсөн, элс ихтэй газар байгуулагдсан хот суурингууд. Замын-Үүдэд монгол гэрт амьдардаг айлд ороод суухад хивс, тавилга нь элсэнд дарагдсан харагдах юм. Харин Эрээнд та гадаа ч шороон дээр гишгэхгүй. Зам талбай, ногоон байгууламж гээд хотыг жинхэнэ утгаар нь төлөвлөн байгуулжээ. Хилийн зурвасын хоёр талд орших энэ хоёр хот суурин газар яагаад ийм тэнгэр газар шиг эрс ялгаатай байна вэ? Энэ хоёрын хөгжлийн ялгааг гайхашран ярьж суухын оронд төр засаг, холбогдох албаны хүмүүс Замын-Үүдэд анхаарлаа хандуулах цаг нэгэнт болсон мэт санагдана.

Хоёр улсын сэтгүүлчид хосгүй их өв соёлын өлгий Цахар нутгаар 

Бид зургадугаар 11-ний өдөр Эрээн хот дахь сурвалжлагаа өндөрлүүлж, тус хотоос зүүн урд зүгт 200 гаруй км зайтай орших Улаанцав аймгийн зүүн хойд нутагт орших Цахар баруун гарын хойд хошуунд хүрэлцсэн очсон юм. Биднийг Улаанцав хотын АИХ-ын орлогч дарга Тогоонтөмөр тэргүүтэй албаны хүмүүс угтан авч, хамгийн хүндтэй зочдодоо барьдаг идээ шүүсээр дайллаа. Тогоонтөмөр дарга хоёр хүүхэдтэй. Хүмүүс үр хүүхдээ гадаадад сургаж, гадаад хэлтэй болгохыг урьтал болгож байгаа өнөө үед түүний хоёр хүүхэд хоёулаа Ар Монголд их сургуульд сурчээ. Тэрбээр ярихдаа “бид эхлээд эх хэлээ сайн сурч, өв соёлтойгоо танилцах ёстой. Тиймээс би хоёр хүүхдээ Ар Монголд их сургуульд явуулсан. Эх хэлээ мэдэхгүй хүн гадаад хэлийг сайн сурч чадахгүй” гэв. Учир мэдэх хүнээс гарах “их” ухаан биш гэж үү.
Их Монгол улсын сүүлчийн хаан болох Лигдэний өлгий нутаг болох энэ хошуунд бид эхлээд ордны хөгжим болох “Асар” аялгууг сонссон бол дараа нь Цахар соёлын музей болон төмсний аж ахуйтай танилцсан юм.


“Асар” аялгууг Юань гүрний үед зөвхөн хааны ордонд л тоглодог байжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь Монгол төрийн хүндэтгэл магтаалын дуу хөгжим байв. Тулгар төр задарснаар “Асар” аялгуу энэ хэлбэрээ алдаж, Монгол орны газар бүр харилцан адилгүй хэлбэрээр уламжлагдан үлджээ. Цахарчууд “Асар” аялгууны нэгэн төрөл болох “Адуучин асар”-ыг үе дамжуулан өвлөж, “найрын дууны тэргүүн аялгуу” хэмээн хүндэтгэн дээдэлсээр ирсэн байна. “Асар” аялгууг монголчуудын уламжлалт утсан хөгжим, ардын үлээвэр хөгжим, цохилуур хөгжим зэрэг хөгжмийн зэмсгүүдээр хавсран хөгжимддөг аж.


Өвөр Монголд өнгөрсөн зууны 60-аад оны тэртээгээс радио нэвтүүлгээр “Асар” аялгууг явуулж эхэлсэн ч өнөөдөр эл аялгууны талаар ойлголттой хүн тун цөөн байна. Тиймээс Өвөр Монголын Улаанцав аймгийн Цахар баруун гарын хойд хошууны захиргаа болон холбогдох албаны хүмүүс “Асар” аялгууг сэргээн хөгжүүлэх олон арга хэмжээ авч байгаа аж. Тухайлбал, “Асар” аялгууны түүхэн хөгжил бөгөөд одоогийн хөгжлийг харьцуулсан ном бүтээл хэвлүүлж, “Асар” урлагийн бүлгэм байгуулж, энэ соёлын өвийг олонд сурталчлан таниулахын тулд урлаг соёлын янз бүрийн арга хэмжээний үеэр аялгууг тоглож байна.

Өвөр Монголын ӨЗО-ны Соёлын танхим ба Түүхийн дурсгалт зүйлсийн товчооны санаачилгаар үндэсний соёлын өвөө сэргээж, хадгалан хамгаалах хүчин чармайлтын хүрээнд Цахар соёлын музейг мөн байгуулжээ. Тус музейг Өвөр Монголын ӨЗО болон Улаанцав аймгийн шат шатны удирдлагуудын бүрэн дэмжлэгтэйгээр байгуулсан гэж музейн ажилтан ярьж байв.  Өвөр монголчууд, цахарчууд өв соёлоо сэргээж, хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа нь харагдаж байлаа.

Цахар баруун гарын хойд хошуу нь Даланхар уулын хойд хормой, Улаанцав хотын зүүн хойд хэсэгт оршдог. Энэ бүс нутагт өдөртөө их халж, шөнө нь сэрүүхэн хонодог учир төмс тариалахад тун тохиромжтой аж. Тус хошуу нь 220 мянган хүн амтай бөгөөд нийт хүн амын 70 хувь нь газар тариалангийн аж ахуй эрхэлж байна.

Тус хошуу нь Өвөр Монголын төмс үйлдвэрлэлийн гол хошуу юм. Хошууны төмсний тариалангийн талбайн хэмжээ  23 мянга гаруй га-д хүрчээ.

“Цахар” улаан төмс нь энэ нутгийн нэрийн бүтээгдэхүүн аж. Энэ төмс нь цардуул ихтэй, болц хурдан гэдгээрээ онцлогтой. Улаан төмсөөр гурил, пүнтүүз зэргийг хийж байна. Улаан төмс 1 кг нь монгол мөнгөөр 1000 орчим төгрөгийн үнэтэй бол үрийн төмс нь 3000 орчим төгрөг аж. Сүүлийн жилүүдэд Монгол, Орос, Өмнөд Солонгос, Япон, Малайз зэрэг улс руу улаан төмс экспортолдог болжээ. 

Өвөр Монгол болон Ар Монголд газар нутаг, уур амьсгал гээд ижил төстэй зүйл зөндөө. Уур амьсгалын хувьд манайхтай төстэй учир бид ч энэ төмсийг тариалах боломжтой.

Юань улсын дээд нийслэл-Шандын шар талаар

Цахар баруун гарын хойд хошуунаас бид Шулуун хөх хошууг зорьсон юм. Аяны замд хур бороо орж, давхар солонго гарч, байгаль эх бидэнд үзэсгэлэн гоогоо гайхуулж байлаа.


Шулуун хөх хошууны төвөөс зүүн зүгт 28 км зайтай орших Шанд голын /Луань Хэ голын дээд урсгал/ хөвөөнд орших ЮНЕКСО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан Юань гүрний дээд нийслэл буюу Хубилай сэцэн хааны сэрүүн асрын туурьтай танилцсан нь бидний аяллын оргилын үе байлаа.   

Хубилай сэцэн хаан энэ газрыг зүгээр ч нэг сонгоод улсын нийслэлээ байгуулчхаагүй бололтой. Сэвшээ салхи үлээсэн, 7-8 дугаар сард алтанхуа буюу алтанлянхуа цэцгээр хучигддаг энэ үзэсгэлэнт талд зуны халууныг ажралгүй өнгөрүүлнэ гэдгийг тэрбээр мэдэж, сэрүүн асраа цогцлоон байгуулсан нь лавтай.


Хотын туурь нь тэгш дөрвөлжин хэлбэртэй бөгөөд тал бүр нь 2200 м2. Юань гүрний дээд нийслэл нь гадар хот, дотор хот болон цэцэрлэг хот гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Дотор хотод хаан эзэн төрийн хэргийг явуулдаг байжээ. Хотын хэрмийг тоосгоор барьсан бөгөөд дотор хотын тууринаас хэдхэн жилийн өмнө таван хумст лууг дүрсэлсэн багана олджээ. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн эрний эдлэлийн хууль бус наймаачид таван хумст луун дүрс бүхий баганыг хулгайлан авч, зарахыг оролдон гэмтээсэн байна.

Тиймээс Хятадын хууль сахиулагчид гэмт хэрэгтнүүдэд хатуу шийтгэл ногдуулаад жинхэнэ эхийг нь Шанд хот дахь Юанийн гүрний дээд нийслэлийн түүхийн музейд залж, дуураймал чулуун баганыг археологийн малтлага хийхэд олдсон байдлаар нь буюу хэвтүүлэн залжээ. Энэ багананы яг ар талд нь 7000 жилийн настай модны үндэс ёзоор харагдаж байв.
 
Төв ордон буюу Их амгалан ордны туурь нь 8 м өндөр, зүүнээс баруун тийш 170 м урт, хойноос урагшаа 55 м өргөн аж. Их амгалан ордон нь тухайн үедээ 7 давхар байсны гурван давхар нь газар дор байдаг байжээ.  Тус ордны зургийг чулуун дээр сэргээн зурсан харагдана.

Юань гүрний дээд нийслэлд дэлхийн одон орон судлалын үндэс суурь тавигдсан гэж түүхчид үздэг. Энэ газарт цагийг эзэлсэн их эрдэмтэн, математикч Мянгат гэдэг хүн эрдэм мэдлэгээсээ хуваалцаж,  оддыг тоолж байсан аж. 1000 гаруй одыг энэ л газраас тоолж байжээ. Тэр цаг үеэс хойш тийм ч олон одыг нээн илрүүлээгүй гэдэг.

Хубилай сэцэн хааны сүрлэг хөшөө

Шанд голын хөвөөнөө Хубилай сэцэн хааны цул хүрэл хөшөөг 80 тн хүрлээр 2007 онд босгожээ.

Энэ нүсэр  том хүрэл хөшөөний гол цөмд нь дүрслэгдсэн хүн бол Чингис хааны дөрөвдүгээр хүү болох Тулуйн хоёдугаар хүү Хубилай сэцэн хаан юм. Хубилай сэцэн хаан 80 насалсан учир хөшөөг 80 тн хүрлээр цутгасан гэж хөтөч бүсгүй Ургамал ярив.


Хубилай хаан дээд нийслэлээ  Шандын шар талд 1256 онд байгуулснаас хойш энэ хөшөөг урлаж дууссан 2007 оныг хүртэл нийт 751 жил өнгөрснийг билэгдэн хөшөөг 7.51 м өндөртэй хийжээ. Харин тэрбээр Юань гүрнийг 34 жил захирсны учир хөшөөг 34 метр урттай хийсэн гэнэ. Хөшөөг 6 метрийн зузаантай хийсэн нь бас л учиртай. Энэ нь Юань гүрнийг нийт 11 хаан захиран төвхнүүлснээс Хубилай хааныг оролцуулаад ердөө 6 хааныг л энэхүү хөшөөг байгуулсан Юань гүрний дээд нийслэл Шанд хотод хаанаар өргөмжилсэнтэй холбоотой.

Хөшөөний гол хэсэгт нь Хубилай хааны сүрлэг дүрийг товойлгосон бол зүүн гар талд нь нийслэл Шанд хотод хаанаар өргөмжлөгдсөн Хубилайгаас гаднах 5 хааны дүрийг урлажээ.   Энэ таван хаан нь баруун гар талаас Өлзийт хаан Төмөр, Хүлэг хаан Хайсан, Буянт хаан Аюурбарбад, Заяат хаан Төвтөмөр болон Юань гүрний сүүлчийн хаан Ухаант хаан Тогоонтөмөр нар болно.

Хубилай хаан  нь Юань гүрнийг байгуулахаасаа ч өмнө эрдэмтэн мэргэдийг ихэд эрхэмлэн хүндэтгэж, өөрийн шадар туслах бөгөөд зөвлөхөөр ажиллуулдаг байжээ. Тйимээс хөшөөний баруун хэсэгт түүний зөвлөхүүдийн босоо дүрийг товойлгосон байна. Үүнд: Юань гүрний засаг захиргааны зохион байгуулалтыг төлөвлөсөн Лию Бинг Жун; Юань гүрний одон орон судлалын төвийг үүсгэн байгуулагч Перс гаралтай эрдэмтэн, одон орон судлаач Жамал-ад-Дин; гурав  дахь нь мөн төрийн засаглалын зохион байгуулалтыг хариуцаж байсан улс төрийн зөвлөх Ёо Шү, дөрөв дэх нь инженер математикч, Шанд болон Бээжин хотын усан сангийн системийг зохион бүтээж, гардан байгуулсан алдарт Гүо Шү Жин, тав дахь нь дөрвөлжин үсгийг зохиосон, Юань гүрний Улсын багш Пагва лам бол зургаа дахь нь Дорныг Өрнөдөд аяллын тэмдэглэлээрээ танилцуулсан Италийн алдарт жуулчин Марко Поло юм. Марко Поло нь Юань гүрэнд нийт 17 жил амьдарсан билээ. Энэхүү хөшөөг нь ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны төвөөс зүүн зүгт 28 км зайтай орших Шанд хотын туурины өмнөхөн босгосон байна.

Энэ бол Өвөр Монголд жуулчид олноороо очдог газруудын нэг. Эдийн засгийн хувьд уул уурхайн салбараас хэт хамааралтай байгаа манай улс эдийн засгаа солонгоруулахын тулд аялал жуулчлалын салбарыг түүх соёлын газрууд руугаа жуулчдыг татах дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Тухайлбал, түүх соёлын дурсгалт газруудаа хадгалан хамгаалж, хүрээлэн буй орчныг нь сайтар тохижуулан жуулчдыг татвал улсын сан хөмрөг арвижих нь дамжиггүй ээ.

"Хубилай хаан" кино

Бидний хийгээгүйг, хийж чадаагүйг Өвөр Монголын ахан дүүс хийж байна. Тэд Монголын нууц товчооноос сэдэвлэн "Чингис хаан" ОАУСК-г гайхалтай сайхан хийснийг мэдэхгүй монгол хүн гэж үгүй.



Тэгвэл одоо тэд Хубилай хааны амьдрал, Юань гүрний улс төр, эдийн засаг, соёл, дайн байлдаан болон гадаад харилцаа зэргийг харуулсан өргөн агуулга бүхий "Хубилай хаан" 50 ангит уран сайхны киног хийж байна. Кино зураг авалтын хотхоныг Шандын шар талд байгуулжээ. Кино зураг авалт энэ оны хоёрдугаар сард эхэлсэн байна.
 

Хятадын монгол хэлний баримжаа аялгуу

Хэл бичиг бол улс үндэстний соёлын салшгүй хэсэг, хүн ардын оюун санааны дархлаа, тэдний мөн чанар, оршихуй юм. 

Тийм дээ ч элэг нэгт өвөр монголчууд маань үндэсний хэл, соёл, түүх, өв уламжлалаа хадгалан хамгаалж авч үлдэхийн төлөө хүчин чармайлт гаргасаар байгаа нь бидний очсон газар бүрээс харагдаж байлаа.

Нэг нэгнээсээ асар хол зөрүүтэй аялгаар ярьдаг, нэг хошууны хүн нөгөө хошууны хүмүүсийн яриаг ойлгохгүй байдаг байсан учир монгол хэлний суурь аялгуу буюу баримжаа аялгууг тогтоон дэлгэрүүлэх шийдвэрийг 1979 оны 9 дүгээр сард Шинжаан Уйгурын ӨЗО-ны төв Өрөмч хотод болсон монгол хэл бичгийн тусгай ажлын хуралдааны үеэр гаргасан гэнэ. Энэхүү баримжаа аялгууг Шулуун хөх хошууны авиагаар төлөөлүүлсэн аж. Тодруулбал, Цахар аман аялгуунд тулгуурлаж, уламжлалт монгол бичгийн хэлний авиаг дүрэм болгож, орчин үеийн монгол хэлний авианы онцлогийг харгалзан үзэх зэрэг зарчмаар баримжаа аялгууг тогтоосон байна.

БНМАУ уйгаржин монгол бичгээ халж, кирилл бичиг рүү шилжин орсны дараахан буюу 1957 онд Билгүүн номч Бямбын Ренчин гуай Өвөр Монголд зочилж, тухайн үеийн ӨМӨЗО-ны удирдлагуудтай уулзах үеэрээ "За, бид тэмцэж дийлэхгүй бичиг үсгээ алдчихлаа. Одоо та нарт л найдах үлдлээ. Яаж ийж байгаад монгол бичгээ солилгүй аваад үлддэг юм шүү" гэж аминчлан захиж, тус орны дэд дарга байсан Хафунгаад бүр сунаж мөргөж байсан гэх яриа бий. Тэрбээр алдарт "Монгол хэл" шүлгээ 1957 онд Хөх хотод аялж явахдаа бичсэн түүхтэй.

Монгол бичгийг шинэчлэн хөгжүүлэх ажлыг Өвөр Монголд манлайлан удирдсан, тухайн үеийн ӨМӨЗО-ны засгийн ордны дэд тэргүүлэгч байсан Хафүнгаатай Б.Ренчиний авахуулсан түүхэн гэрэл зураг архивт хадгалагдан үлджээ.

/Үргэлжлэл бий/
Холбоотой мэдээ