Брюсселийн вокзалд бөмбөг дэлбэлсэн этгээд Марокко улсын иргэн байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-06-21 17:43:15
БРЮССЕЛЬ./TASS/. Брюссель хотын галт тэрэгний төв буудалд дэлбэрэлт үйлдсэн террорист этгээд нь Марокко улсын 36 настай иргэн байжээ. Тэрбээр Брюссель хотын  Моленбек дүүрэгт амьдардаг бөгөөд халдлагыг ганцаараа үйлдсэн байна.

Брюсселийн Прокурорын газрын төлөөлөгчийн мэдэгдсэнээр, дэлбэрэлтийн үеэр хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна. Тэрбээр хэлэхдээ “террорист этгээд хэн болохыг тогтоосон. Түүнийг Усама Ж гэдэг, 1981 онд төрсөн” гэлээ.

Түүний биед амиа золиослогчийн бүс байгаагүй бөгөөд тэрбээр дугуйтай цүнхэнд нуусан тэсрэх бөмбөгийг дэлбэлэхээр оролдсон байна. Энэ этгээд өмнө нь терроризмтой холбоогүй хэргээр цагдаагийн газрын бүртгэлд орсон байжээ.

Прокурорын газрын төлөөлөгч хэлэхдээ “террорист этгээд аль болохоор их хэмжээний хохирол учруулахаар оролдсон. Цэргийнхэн маш шуурхай ажиллаж, халдлага үйлдэхээр завдсан этгээдийг тэр даруй устгалаа” гэв.

Тодруулан дурдахад, өчигдөр Брюссель хотын галт тэрэгний төв буудлын тасалбар түгээгүүрийн дэргэд нэгэн этгээд дөхөж ирэнгүүтээ гэнэт “Аллах Акбар” гэж хашгираад тэсрэх төхөөргийг дэлбэлсэн байна. Харин уг төхөөргийн хүчин чадал маш бага байсан аж. Гэмтэн хэрэгтэн зугтахыг завдсан боловч эргүүл хийж байсан цэргийн албан хаагч түүнийг буудан устгажээ.
Х.Сарнай
 
 
 
Холбоотой мэдээ