Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоог чухалчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-20 23:34:16
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Монгол Улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн хууль, Хүүхдийн эрхийн хууль, Хүүхэд хамгааллын хуулийг сурталчлах, эмэгтэйчүүдийн манлайллыг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, тэдний хууль эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Бид хүүхдийн эрх, хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө хамтдаа” аяныг хоёр сарын хугацаанд зарлан явуулж байна. Тус аяны хүрээнд олон ажил арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд “Эмэгтэйчүүд эрхийн төлөө” зөвлөлгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөлгөөнд Сүхбаатар сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, ОБГ, ХЦ-ийн 0101, 0243 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сүхбаатар сумын 8 багийн иргэдийн төлөөлөл оролцжээ.
Цагдаагийн газрын саатуулах байрны дарга, эмч, цагдаагийн хошууч Б.Наранцацрал:
Гэр бүлийн хүчирхийллийн шинэ хуулинд албадан сургалтанд хамрагдах заалт орсон
”Өнөөдөр манай Цагдаагийн газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Сүхбаатар сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтарч “Эмэгтэйчүүд эрхийн төлөө” зөвлөлгөөнийг зохион байгуулж байна. Үүгээрээ бид шинээр 2017 оны 2-р сарын 1-нээс шинэчлэгдэн хэрэгжиж байгаа хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах чиглэлээр иргэдэд мэдээлэл өгч байна. Энэ хуулийг сурталчлах ажил үе шаттайгаар явагдаж байгаа. Эхний хагас жилийн мэдээллээр манай саатуулах байрын эрүүлжүүлэхэд 1344 хүн албадан саатуулагдсан. Үүний 334 хүн баривчлагдсан хүмүүс байдаг. Үүний 138 нь Сүхбаатар сумын иргэд, үлдсэн нь Мандал, Хөтөл сумдынх. Эдгээр хүмүүсийн 50 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлагдсан хүмүүс байдаг юм. Гэр бүлийн хүчирхийллийн шинэ хуулинд албадан сургалтанд хамруулах заалт орсон” хэмээн ярилаа.
Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа:
Гэр бүлийн хүчирхийллээс үүдэх дуудлага буурахгүй байгаа
Сэлэнгэ аймгийн болоод Сүхбаатар сумын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллээс үүдэх дуудлага буурахгүй байна. Иймээс Цагдаагийн байгууллагатайгаа хамтран гэмт хэрэгт өртөж болзошгүй хүүхдүүд, эцэг эхчүүд, өндөр настангуудад чиглэсэн сургалтуудыг хамтран зохион байгуулж ирлээ. Манай сумын нэг багт ойролцоогоор гэмт хэрэгт өртөж болзошгүй 24-25 хүүхэд байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нь ихэвчлэн ахуйн хүрээнд үйлдэгддэгээрээ онцлогтой. Иймээс ахуйн хүрээндээ байгаа хүмүүстээ чиглэсэн ажлуудыг хийе гэж төлөвлөн хэрэгжүүлж байна. Гэр бүлийн хүчирхийлэл гарахад маш олон зүйл нөлөөтэй. Энд нэн түрүүнд ажилгүйдэл. Манай сумын ажилгүй байгаа 18-35 насны залуучууд бүлгээрээ нийлж, гэр бүлийн хүрээнд архидах явдал их байна. Зөвхөн эрэгтэй хүмүүс архиддаг гэж ойлгодог. Гэтэл сүүлийн үед эмэгтэй хүмүүс их архиддаг болсон байна. Энэ чиглэлээр хамтарч ажиллавал гэр бүлийн хүчирхийлэл бага ч гэсэн буурах байх гэж үзсэн юм. Бид улирал бүр цагдаагийн газраас гэмт хэргийн судалгааг авч, ямар гэмт хэрэг зонхилж өссөн байдлаар төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байгаа. Нөгөө талаас гэмт хэргийн гаралт гэр хорооллын харанхуй гудамж, талбайд үйлдэгддэг. Иймээс бид ярилцаад дүгнэлт хийн, гэр хорооллын гудамжийг гэрэлтүүлэх, камержуулах ажлыг хийж байна. Ер нь тал бүрээсээ хамтарч ажиллаж гэмт хэргийг бууруулах нь хамгаас зөв алхам юм. 
Цагдаагийн газрын ГБХХГХУС-ын ахлах байцаагч, Цагдаагийн хошууч С.Чимэдцогзолмаа:
Эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас хүүхдүүд гэмт хэрэгт өртөж байна
“Бид хүүхдийн эрх, хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө хамтдаа” аяны хүрээнд “Эмэгтэйчүүд эрхийн төлөө” гэсэн зөвлөгөөнийг Сүхбаатар сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй хүүхдийн эрх гэдэг зүйл байнга холбоотой яригддаг. Хүүхдийн эрх гэдгийг зөвхөн 6-р сарын 1-нээр хязгаарлаж болохгүй. Иймээс бид энэ аяныг 2 сарын хугацаанд зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулан хэрэгжүүлж байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг хагас жилийн байдлаар нэлээд өссөн үзүүлэлттэй байна. Иймээс эцэг эхчүүдийн зүгээс хүүхэддээ хандуулах анхаарлаа сайжруулах шаардлага гарч ирсэн. Хүүхдүүд зуны амралтаа хэрхэн өнгөрүүлэх гэдэг асуудал тулгарч ирлээ. Энэ хүүхэд рүү чиглэсэн ажилд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байгаа учраас бид энэ чиглэлд анхаарлаа хандуулан хамтарч ажиллаж байгаа юм. Хүүхдүүд хараа хяналтгүй болсон учраас гэмтэж бэртэх, усанд осолдох, гэмт хэрэгт өртөх, мөн тээврийн хэрэгслэлээр зорчихдоо осол аваарт орох гээд олон асуудалд өртөж байна. Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийлэл гэдэг гэмт хэрэг зөрчийн цаана хүүхдүүд үлдээд байдаг. Иймээс бид энэ арга хэмжээгээр гэр бүлийн хүчирхийлэл гэж юуг хэлээд байгаа, хүүхэд хамгаалал гэж юу юм. Эцэг эхчүүд юуг анхаарах юм бэ гэдэг дээр зөвлөгөөнийг зохион байгууллаа. Хүүхдээс үйлдэгдэж байгаа гэмт хэрэг ихэвчлэн хулгайн гэмт хэрэг байдаг. Мөн хүчирхийлэлд өртсөн, хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн тоо нэлээд байна. Одоогоор мөрдөн байцалтын шатанд шалгагдаж байгаа. Хүмүүс ээж аав нь ажил эрхлэхгүй байх, ядуу зүдүү байх зэргээс шалтгаалан хүүхдүүд гэмт хэрэгт өртөөд байна гэж нийгэм ойлгодог. Тэгвэл хүүхдээ орой үдшийн цагаар хараа хяналтгүй байлгах, олон цагаар хүүхдээ орхиж явах, хараа хяналтаа сул байлгах зэргээс хүүхдүүд гэмт хэрэгт өртөж байна. Сэлэнгэ аймгийн хувьд хүмүүс олон цагаар хүүхдээ орхиод хил рүү явж ажил эрхэлдэг онцлогтой. Манай аян өнгөрсөн 4-р сарын 30-нд эхэлсэн. Ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ. Бид аяны хүрээнд хүүхдүүдийн дунд спортын тэмцээн зохион байгуулсан. Үүгээрээ хүүхдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэж ярихаасаа илүүтэйгээр спорт, урлагаар дамжуулаад хүүхдүүдийг багийн спортоор төлөвшүүлэх, баг хамт олноо хүндлэх байдалд чиглүүлэн арай өөр хэлбэрээр ажил зохион байгууллаа. Цаашдаа аяны хүрээнд нэлээд хэдэн байгууллагуудаар зочилж, Сүхбаатар сумын зорилтот бүлэгрүү чиглэсэн нийгмийн хариуцлагаа ухамсарласан ажил арга хэмжээг зохион байгуулахаар ярилцаж байна. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчдаас “Сэтгэлийн бэлэг” аяныг өрнүүлж, 4 гэр бүлийн 19 хүүхдэд сэтгэлийн бэлэг өглөө. Бид нар хэдийгээр цаг завгүй ажиллаж байгаа ч нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, олон байгууллагууд сумын зорилтот бүлэг рүү чиглэсэн, тэдэнд тусалсан ажил арга хэмжээг бидэндтэй хамтарч зохион байгуулаасай гэж хүсч байна.
     Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ