Дотуур байрны үйлчилгээ, орчин нөхцлийг сайжруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-06-20 19:41:52
Увс /МОНЦАМЭ/ Тэс, Зүүнговь, Хяргас, Өндөрхангай, Ховд, Тариалан, Өлгий, Давст, Сагил, Бөхмөрөн сумдын ЕБС-ийн дотуур байрны орчин нөхцөл, үйлчилгээг сайжруулах зорилгоор Япон улсын ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны техникийн дэмжлэгтэйгээр “Баруун бүсийн бага сургуулийн дотуур байрны орчинг сайжруулах нь” төсөл хэрэгжиж байна. Энэ хүрээн дээрх сумдын ЕБС-иудын дотуур байрны барилгын засварын ажлыг 2018 онд хийхээр төлөвлөжээ.
Үүний дагуу барилгын зураг төсвийн компани эдгээр сумдад засварын ажлын тооцоо судалгаа хийхээр болсон байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр зөвхөн дотуур байрны орчин нөхцлөөс гадна дотуур байранд амьдардаг хүүхдүүдэд хүрэх үйлчилгээг сайжруулах, тэр дотроо чанартай хоол хүнс, халуун ус, сургалтын ном гарын авлагаар хангах гэх мэтчилэн нийгмийн асуудлыг нь цогц шийдсэн загвар дотуур байрыг бий болгох аж.
Хөдөө орон нутгийн ЕБС-ийн дотуур байрнуудын хувьд барилгын ашиглалт муудсан, ариун цэврийн өрөөний асуудлыг шийдээгүй, тав тухгүй, гал тогооны эрүүл ахуйг хангаагүй гэх мэт олон асуудал яригдсаар ирсэн. Тэгвэл уг төслийн хүрээнд эдгээр 10 сумын дотуур байрнуудын барилгыг засварлах, орчин нөхцлийг нь сайжруулах, тохилог ариун цэврийн өрөө, халуун ус, цаашлаад стандартын гал тогоо, чанартай хоол хүнсээр үйлчлэх зэрэг олон цогц асуудлыг нэг дор шийдэх юм байна. Ингэснээр дотуур байранд амьдардаг хүүхдүүд тохилог, тав тухтай орчинд амьдрах, чанартай хоол хүнсээр хангагдах, цаашлаад сурч боловсрох боломж нь нээгдэнэ гэж үзэж байна. 
Б.Замбал
Холбоотой мэдээ