“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-20 18:39:27
Булган /МОНЦАМЭ/ Зуны дэлгэр цаг ирж, хол ойрын аялан жуулчлагчид олшрон замын хөдөлгөөний эрчим нэмэгддэг. Үүнийг дагаад зам тээврийн осол, хэрэг гарах магадлал нэмэгддэг учраас уг осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” 4 сарын хугацаатай аяны нээлтийг Булган аймагт хийлээ.
- Энэ сарын дундаас эхлээд 4 сарын хугацаатай “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аян зарлаж байна. Манай аймагт эхний сард сануулах, анхааруулах тэмдэгийг шаардлагатай газар тавьж, замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулж байна. Энэ аяны хугацаанд хот хоорондын зам дагуу замын цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийг байнга ажиллуулж зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулна гэж аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Ууганбаяр ярьлаа.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран зарласан аяны нээлтийн өдөр тээврийн хэрэгслээр үйлчлэгч жолооч нарт  “хурдаа хасах”, “жолоо барьж байх үедээ гар утсаар оролдохгүй байх” зэргийг сануулсан санамж бүхий наалтыг олголоо.
Тус аймгийн нутгаар дамжин өнгөрдөг хот хоорондын хатуу хучилттай 3 чиглэлийн замд зам тээврийн хэрэг, осол их хэмжээгээр гардаг. Өнгөрөгч 2016 онд 22 хэрэг, 36 осол гарч 16 хүн нас барж 22 хүн бэртэж гэмтэж байсан бол энэ оны эхний улиралд 9 хэрэг,15 осол гарч 7 хүн нас барж 9 хүн бэртэж гэмтсэн байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ