Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг бэлтгэхэд БНХАУ хамтрах санал тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-19 17:30:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр БНХАУ-ын Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын Хэрэг эрхлэх газрын дарга Ли Жин Жао тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалт маргааш Улаан-Үд хотноо эхэлнэ. Энэ хүрээнд БНХАУ-ын Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын Хэрэг эрхлэх газрын дарга Ли Жин Жао тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.

Уулзалтын үеэр Д.Оюунхорол сайд, “Ирэх сарын 22-нд Монгол Улсад Монгол, Хятадын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах өдрүүд болно. Монгол Улс хөрш орнуудтайгаа хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаагийн тод жишээ нь “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоонд нэгдэн орсон явдал юм. Тиймээс манай улсын зүгээс БНХАУ-тай аялал жуулчлалын салрт хүний нөөцийг бэлтгэх, солилцох тал дээр хамтарч ажиллах сонирхолтой байна” хэмээв.

БНХАУ-ын Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын Хэрэг эрхлэх газрын дарга Ли Жин Жао “ Монгол Улстай манай улс хамтарч ажиллах бүрэн боломжтой. ”Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооноос гаргаж буй шийдвэрүүд Монгол, Хятад, Орос гурван улсын хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц өгнө гэдэгт найдаж байгаа. Энэхүү уулзалтаас гаргасан шийдвэр нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын шийдвэрт нөлөөлөхүйц байна гэдэгт итгэж байна. Хятад улс “Нэг бүс, нэг зам”-ын хүрээнд ирэх 9 дүгээр сард олон улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг зохион байгуулж, дэлхий нийтээр аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцах болсон.  Энэхүү томоохон хэмжээний уулзалтаар тухайн улс аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ дэлхий нийтэд сурталчлах боломж бүрдэх юм. Тиймээс БОАЖ-ын сайд Д.Оюунхорол таныг энэхүү уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ