Америкийн байлдааны хөлөг онгоцноос сураггүй болсон цэргүүдийн цогцос олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-19 10:32:45
ТОКИО. /NHK/.  Өнгөрсөн бямба гарагт Японы эргийн өмнөд хэсэгт чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцтой мөргөлдсөн АНУ-ын байлдааны хөлөг онгоцны дотроос хэд хэдэн цогцос олджээ. 

АНУ-ын USS Fizgerald гэдэг байлдааны хөлөг онгоц болон Филиппин улсад бүртгэлтэй ACX Crystal хөлөг онгоц хоорондоо мөргөлдсөний улмаас байлдааны онгоцны багийн гишүүн болох 7 усан цэрэг сураггүй алга болсон юм.  АНУ-ын Тэнгисийн цэргийн албаны хүний мэдээлснээр, хөлөг онгоцны их биеийн баруун тал ноцтой гэмтсэний улмаас багийнхны амардаг тасалгаа болон машин механизмын хэсэг рүү ус цутган орсон байна. Ус цутган орсон тэдгээр газруудаас цогцоснууд олдсон бөгөөд алга болсон цэргүүдийнх байж магадгүй ажээ. 

АНУ-ын 7 дугаар флотын командлагч, дэд адмирал Жозеф Аукоин ням гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө  “алга болсон хүмүүсийг хайх ажиллагааг зогсоосон" гээд "хохирогчдын ар гэрийнхнийг хүндэтгэхийг хэвлэл мэдээллийнхнээс хүсч байна. Хохирогчдын төрөл төрөгсөдтэй холбоо тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээллийг өгнө" гэжээ. Чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц нь Японы эргийн усан онгоцны зогсоолд байгаа ажээ. Японы Тээврийн газар болон Эргийн хамгаалалтын газар учирсан хохирлыг үнэлж байгаа юм.

Х.Сарнай





 
 
Холбоотой мэдээ