БНХАУ, БНПУ-тай дипломат харилцаа тогтоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2017-06-15 21:08:51
Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-ны өдөр БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, Бүгд Найрамдах Панам улсын дэд ерөнхийлөгч бөгөөд Гадаад харилцааны сайд Дэ Сейнт Мало нар Бээжин хотод “БНХАУ, БНПУ улсуудын хооронд дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа.
Тус баримт бичигт “Хоёр орны ард түмний ашиг тус, хүсэл эрмэлзлэлийн дагуу дипломат харилцаа тогтоож байгаа бөгөөд энэхүү баримт бичиг нь гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэнэ. Хоёр улс харилцан тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш харилцан ашигтай байж, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр талын найрсаг харилцааг хөгжүүлнэ” хэмээжээ.   
Мөн БНПУ “Нэг Хятад улс” зарчмыг хүлээн зөвшөөрч, Тайванийг Хятадын нэг хэсэг, тус өдрөөс эхлэн Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, цаашид ямар нэгэн дипломат үйл ажиллагаа, айлчлал зохион байгуулахгүй гэдгээ илэрхийлсэн.

Бээжин хот. А.Анхбаяр
Эх сурвалж: ГХЯ
 
Холбоотой мэдээ