Ургийн бичиг хөтлөлтийг идэвхжүүлэх сургалт Мандал сумаас эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-15 17:39:34
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монголын Ураг, Удам, Уламжлал судлалын холбооноос Монголын өнөөгийн байдалд ураг, удам, уламжлал алдагдаж, мартагдаж буйтай холбогдуулан орон даяар үүнээс сэргийлэх зорилгоор сургалт зохион байгуулахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумаас гараагаа эхлээд байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй уг сургалт нь сумынхаа иргэдийн ургийн бичиг хөтлөлтийг идэвхжүүлэхэд чиглэгдэж байгаа аж. Уг сургалт нь “Иргэдийн ургийн бичиг хөтлөлтийг идэвхижүүлэх нь” сэдвийн дор явагдсан бөгөөд Монголын Ураг, Удам, Уламжлал судлалын холбооны тэргүүн н.Түвдэндорж, дэд тэргүүн н.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус холбооны гишүүд хүрэлцэн ирж хичээл заажээ. Сургалтын үеэр оролцогч иргэдээс ургийн бичилт хөтлөх ном товхимолыг хялбар хэрэглэхэд амар байдлаар гаргаж өгөхийг хүссэн байна.
Мөн энэ өдөр Мандал суманд Ураг, удам, уламжлалын холбооны салбар зөвлөлийг нээн ажиллуулах санаачлага гарч гишүүдээ сонгосон аж. Монголын өнөөгийн байдалд ураг, удам, уламжлал алдагдаж, мартагдаж байгаагаас үүдэн цус ойртох үзэгдэл газар авч, эмгэгтэй хүүхэд төрөх, өсөлтгүй ураг бүрэлдэж байгаа гэнэ. Нөгөө талаасаа уламжлал ёс заншлаа мартах нь үндэсний аюулгүй байдал сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа тул үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд энэхүү сургалтыг зохион байгуулахаар ийнхүү Сэлэнгэ аймгийн Мандал сумаас гараагаа эхэлж байгаа ажээ. Энэ удаагийн сургалтанд Мандал сумын Нийтийн номын сан, багийн Засаг дарга нар, Соёлын төвүүдийн эрхлэгч, Сургуулийн номын санчид оролцсон байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ