Аймгийн хэмжээнд 16 хүндэт донор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-14 19:05:09
Архангай /МОНЦАМЭ/. Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн 6-р сарын 14-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Архангай аймгийн хэмжээнд 1400 орчим цусны донор байдаг байна. Үүнээс Цэцэрлэг хотод 589, 19 суманд 847 донор байдаг ажээ. Харин 16 донор “Хүндэт донор” болсон байдаг байна.
Энэхүү тэмдэглэлт өдрийг угтан аймгийн Эрүүл мэндийн газраас “Бусдын төлөө та юу хийж чадах вэ?”, “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэе” уриатай сургалт, сурталчилгааны аяныг эхлүүлж, “Сэтгэлийн дэм дусал цуснаас” сэдэвт сургалтыг бүх ЭМТ-үүд дээр зохион байгуулжээ.

Өнөөдөр цусны донорын өдрийг тохиолдуулан доноруудаа хүлээж авч, уралдаан тэмцээнд оролцож байр эзэлсэн доноруудаа шагнаж урамшууллаа. Энэ үеэр 62 донорыг аймгийн Засаг даргын болон сумын Засаг даргын жуух, баярын бичиг, “Ачтан донор” гэрчилгээ, мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйлүүдийг бэлэглэсэн юм.

Дашрамд дуулгахад, Архангай аймгийн цусны салбар банк нь Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэнд хөгжил - 5” төслийн санхүүжилтээр 66 нэр төрлийн аппарат, тоног төхөөрөмжтэй болжээ. Үүний үр дүнд 5 нэр төрлийн цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол 7 нэр төрөл болж, нэгдсэн эмнэлгийн тасаг нэгжүүд, сумын ЭМТ-үүдийг аюулгүй найдвартай цус цусан бүтээгдэхүүнээр хангаж ажилладаг байна.   

Жилээс жилд цусан бүтээгдэхүүний хэрэглээ ихсэхээр цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл ч нэмэгддэг ажээ. Тухайлбал, 2015 онд 98.7 литр, 2016 144 литр, 2017 оны 5 сарын байдлаар 59 литр цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Үүнийгээ дагаад донорууд шинээр элсэх нь ч олширсон байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ