Тасалбарын үнэ хямдарснаар автобусаар зорчигчдын тоо өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 14:41:27

Мандалговь Улаанбаатар хот хооронд зорчих тасалбарын үнийг хямдруулснаар автобусаар зорчих зорчигчдын тоо эрс өссөн байна.

Үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд 13200 төгрөгийн үнэтэй байсан зорчих тасалбарыг 8800 төгрөг болгож хямдруулаад арав гаруй хонож байгаа бөгөөд энэ хугацаанд зорчигчдын тоо 56 хувиар өсч, нэг удаад 35- аас дээш, зарим үед суудал дүүрэн зорчигчтой явж байгааг Авто тээврийн төвөөс мэдээллээ.

Хатуу хучилттай авто зам ашиглалтад орсон үеэс Мандалговь, Улаанбаатарын хооронд суудлын автамашин зорчигч тээвэрлэх нь олширч, том оврын автобусаар зорчигчдын тоо эрс цөөрсөн юм. 40 гаруй зорчигчтой явдаг автобус арав хүрэхгүй зорчигчтой болж, зорчигчдын тоо сүүлийн хоёр жилд 35 хувиар буураад байсан бөгөөд харин одоо зорчигчдын тоо эргээд ийнхүү өсч эхэлжээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ