Бидний ирээдүй үеийнхний эх хэл, соёл доройтох аюулд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-13 13:48:26
Хэнтий /МОНЦАМЭ/ Интернэт гэгч хөгжсөнөөр хүмүүс цаг хугацаа, орон зай, хил хязгаар харгалзахгүйгээр мэдээллийг маш богино хугацаанд олж уншдаг боллоо. Гэтэл энэхүү интернэтээр, “Би 90-ээд оны эхээр монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн боловч өөр ажил хийдэг. 4-р ангийн хүүхэддээ монгол хэлний хичээлийн даалгавар хийхэд нь туслах гэж сандарч байгаа шүү. Юу болчихсон юм бүү мэд. Миний заалгасан юмнууд лав нэр томьёоны хувьд биш болсон байх шиг байна лээ” гэсэн мэдээлэл байх юм. Иймэрхүү утгатай мэдээ, санал сэтгэгдлүүд хайгаад байвал маш олон харагдаж байна.

Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр эх хэлээрээ бичиж, ярих нь улам л ойлгомжгүй болоод байх юм. Энэ асуудалд боловсролын байгууллага буруутай юу, боловсронгуйгаар хөгжиж буй шинжлэх ухаан, технологи буруутай юу?

Хэсэг хүмүүс Монгол бичиг гэж нэг хэсэг яваад буцаад кирилл үсэг болгосон боловсролын системийн буруу гэж байна. Мөн манай эрдэмтэд хамтран ажилладаггүй, практик сургалтыг хөгжүүлэх эрдмийн ажлыг огт дэмждэггүй нийтлэг дутагдалтай аж. Үүнээс гадна сургуулийн сурагчдын хичээлийн хэрэглэгдэхүүн болох номын агуулга, найрлагад асуудал байгааг судлаачид үгүйсгэхгүй байна. Хөгжлөө дагасан хээнцэр залуусын ухаалаг утас, өнөөх интернэтийн орчинд хэрэглээний шинэхэн монгол соёл, хэл бичиг бий болсон ч юм шиг. Төрсөн нутагтаа амьдарч байж гадаад үгийг эх хэлтэйгээ хамтад нь хэрэглэдэг болж. Сүүлийн үеийнхэн маань өмд нар, цамц нар, энийг юу гэдэг билээ гэх зэргээр амьтай, амьгүй зүйлс олон тоонд хэрхэн хувирдагийг ч мэдэхээ больжээ.

Эх хэлээрээ зөв бичиж, ярьж чадахгүй байгаа Монголын хэдэн үеийнхний бурууг боловсролын шинэчлэлээс хайх нь зүй. Энэ жилээс элсэлтийн ерөнхий шалтгалтын заавал өгөх монгол хэл, бичгийн шалгалт босго оноогүй болжээ. Өмнө нь энэ шалгалтын дүн босго оноо даваагүй бол элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээс үл хамааран их, дээд сургуульд элсэх боломжийг нь хязгаарладаг байсан. Ингэснээр ядаж л их дээд сургуулийн диплом өвөрлөн төгсөгчид маань эх хэлээ эзэмшин, зөв хэрэглэх дадал, чадвартай болоход нөлөөлөх боломжтой байлаа.

Манай хөрш Орос улс даяар жилд нэг удаа "Тотальный диктант" буюу "Бүх нийтийн чээж бичгийн хяналтын ажил" гэсэн зөв бичгийн дүрмийг сурталчлах, түүнд олны анхаарлыг хандуулах, түүнчлэн зөв, алдаагүй бичих соёлыг түгээх зорилготой компанит ажил өрнөдөг ажээ. Энд нас хүйс, боловсрол, яс үндэс, улс үндэстэн хамаарахгүйгээр бичиж чаддаг хүн бүхэн сайн дураараа оролцох боломжтой юм.
Хамгийн сонирхолтой нь, чээжээр бичих сэдвийг Оросын хамгийн алдар цуутай хүмүүс уншиж өгдөг. Энэ үеэр тусгайлан зассан анги танхимд хүссэн хүн бүр хүрэлцэн ирж сайн дураар чээж бичгийн хяналтын ажлыг гүйцэтгэдэг. Мөн онлайнаар "чээж бичиг"-ийн хяналтын ажлыг хийж болдог байна.

"Тотальный диктант" сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд явагдаж байна. 2017 онд гэхэд 71 улс орны 858 хотын 3008 цэгт нэгэн зэрэг зохион байгуулагдаж 200234 хүн хамрагдсан байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулагч төв нь Новосибирск хотод оршдог.

Харин манай улсад энэ арга хэмжээг хамгийн анх 2013 онд зохион байгуулжээ. Бид хөрш улсуудынхаа эх хэл, соёл, зан заншлаа хойч үедээ хэрхэн өвлүүлэн үлдээх, олон улс үндэстэнд сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгуулж байгаагаас үлгэр дууриал авч, хэрэгжүүлэх нь өнөөгийн бидний хийх ёстой томоохон ажлын нэг юм.

Аман болон бичгийн хэлний хувьд зөв ярьж, харилцаж чадахгүйд хүрвэл бидний ирээдүй үеийнхний эх хэл, соёл доройтох аюулд нэгэнтээ хүрээд байна. Нэгэн багшийн илтгэлд, “Нэгдүгээр ангидаа бичих чадвар нь баттай хөгжиж төлөвшөөгүй сурагчид хоёроос дөрөвдүгээр ангид зөв бичгийн дүрэм үзэхийн хамт чээжээр бичих чадвар нь хоцроход хүрдэг” гэжээ. Иймээс алдаагүй, зөв цэвэр бичүүлэн сургахын тулд хуулан бичлэг, тайлбартай дасгал, зураг харуулж өгүүлбэр зохиолгох, үзсэн, харсан, хийсэн зүйлийн талаар эргэцүүлэмж бичүүлэх зэргээр бага ангийнхандаа анхаарлаа хандуулж, үр хүүхдүүддээ эх сайхан хэлээрээ зөв бичиж, ярихыг зааж сургах нь эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчдийн нэн тэргүүний үүрэг хариуцлага болоод байна.
   Д.Одонтунгалаг
 
Холбоотой мэдээ