П.Ганхүү: Гэр хорооллын иргэд 3.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-12 14:32:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатарын талбайд эхэллээ.

Маргааш буюу энэ сарын 13-ны 17.00 цаг хүртэл үргэлжлэх энэхүү өдөрлөгт эрчим хүчний салбарын 30 орчим үйлдвэр, компани оролцож байна. Өдөрлөгөөс иргэд цахилгаан халаагуур тоног төхөөрөмжийн танилцуулга, эрчим хүчний үнэ тариф, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа зэрэг цогц мэдээлэл авах боломжтой юм.

Өдөрлөгийн эхэнд Эрчим хүчний сайд П.Ганхүү Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулав.

Тэрбээр,“Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах зорилгоор одоо үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 250 МВт-аар тус тус өргөтгөх болсон.

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэх, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 10 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны станцыг энэ оны эхэнд ашиглалтад орууллаа. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 50 МВт-ын салхин станцын ажил өрнөж байгаа бөгөөд угсралтын ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна” хэмээв.

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж, өрхийн зардлыг бууруулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг өвлийн улиралд 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын 110 мянган хэрэглэгч хамрагдсанаар нийт 3 тэрбум 363.7 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ. Гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай байсан нийслэлийн захын гэр хорооллын нийт 22 байршлын 1562 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангасан байна. Энэ онд 6000 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөж буйг сайд танилцуулгадаа дурьдав.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын бүсэд одоо үйл ажиллагаа явуулж буй нийт 123 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбож эхэллээ. Мөн Хөвсгөл нуурын жуулчны баазуудыг төвлөрсөн эрчим хүчээр хангах хүрээнд Хатгал тосгоноос Тойлогт нуур хүртэлх 40 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих ажил өрнөж байна. Өнөөдрийн байдлаар тус шугамын барилга угсралтын ажил 90 гаруй хувьтай байгаа бөгөөд энэ сарын дунд үеэр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ