Багийн хөгжлийн төвийн шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-11 11:03:29
Хэнтий /МОНЦАМЭ/.Энэ сарын 9-ний билэгт сайн өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багийн хөгжлийн төвийн барилгын шав тавих ёслол болж, нээлтэд тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Чингис хотын захирагч бөгөөд Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Нэргүйбаатар нар оролцлоо.

Эдийн засгийн хүнд цаг үеийг улс орон даяар туулж байгаа хэдий ч Хэнтий аймгийн удирдлагууд ард иргэд рүүгээ чиглэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Тиймдээ ч төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг хамгийн анхан шатны нэгж буюу багийн төвийн үйл ажиллагааг эрчимжүүлж, үйлчлэх цар хүрээ, орчин нөхцлийг сайжруулах зорилгоор ийнхүү Хэрлэн сумын 2-р багт багийн төв барих болжээ. 

Энэхүү барилга нь тус аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 220 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай бөгөөд нийт 320м2 талбай бүхий 2 давхар байгууламж юм. 1-р давхартаа багийн Өрхийн эмнэлэг, 2-р давхартаа иргэдээ хүлээж авах хурлын заал бүхий ажлын контор байрлах аж. Барилгын ажлыг Тулга констракшн ХХКомпани гүйцэтгэхээр болж, ирэх 9-р сарын 20 гэхэд ашиглалтанд оруулна гэв.

Энэхүү Багийн хөгжлийн төвийн барилга ашиглалтанд орсноор 1258 өрхийн 3763 хүн амд эрүүл мэнд, төрийн үйлчилгээг нэгэн зэрэг, чанартай, шуурхай хүргэх бүрэн боломжой болох юм.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ