Ургамалчууд эсгий хийх бэлтгэл ажлаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-09 20:23:03
Завхан/МОНЦАМЭ/. Завханд болох “Нүүдэлчдийн соёлын наадам”-ын гол үзүүлбэрүүдийн нэг нь эсгий хийх ёс юм.
Эсгий хийх ёс заншлын үзүүлбэрийн урьтал болгож Ургамал сумынхан зуны эхэн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр 108 ээжийн цацал өргөх ёслолыг хийлээ. Энэ үеэрээ эсгий хийх арга аргачлал, ноос савах, ноосоор дээс томох гэх зэрэг нүүдэлчдийн уламжлалт арга технологийг хүүхэд залуучуудад зааж өгсөн байна.
Айл, хот саахалтаараа ноосоо савж гүйцсэний хойно аль нэг хот айл эсгийгээ хийхээр ус, ногоотой тэгш газар бууж эсгий хийхэд бэлтгэдэг. Эсгийг ихэвчлэн зуны сүүл, намрын эхэн сард хийдэг. Эсгий хийх өдрөө урьдаас тогтоож, нутаг усныхандаа зар мэдээ тараана. Үүнийг сонссон хүмүүс уул ажилд оролцож туслахын тулд өөрсдын ажил төрлөө зохицуулж зарим нь эсгий татахад унаж очих унаагаа (эсгийг голдуу азаргаар татдаг, харин говь газар тэмээгээр, зарим хангай үхрээр эсгий татдаг байв ) бэлтгэнэ. Эсгий хийх айлын ажилд туслахаар ирэх хүмүүст зориулж идээ цагаа, айргаар архи бэлдэж, мөн эсгийн шүүс гэж хонь гаргадаг. Мөн эсгий хийхэд хэрэглэх шир, эсгийн гол, бул зэргийг бэлтгэж, эх эсгий өөрт байхгүй бол ажил үйлс нь өөдрөг гэж үздэг айлаас эх эсгийг "залж" авчирдаг байна. "Эх эсгий " гэж дээр нь ноос зулах эсгийг хэлэх ба урьд жил нь хийж цэвэр гамтай эдэлсэн эсгий байх ёстой. Гамгүй эдэлсэн хэт хуучирсан эсгий дээр ноос зулвал эсгий гардаггүйтэй энэ нь холбоотой ажээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ