“Google” индонезчуудыг интернэтээр хангах агаарын бөмбөлөг хөөргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2015-10-30 12:31:49

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Google” компанийн инженерүүд “Project Loon” төслийн хүрээнд Индонезэд агаарын бөмбөлөг хөөргөхөд бэлэн болсон тухай Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлжээ. Энэ төсөл нь агаарын бөмбөлгийн тусламжтайгаар иргэдийг интернэтээр хангах төсөл юм.

“Шинэ Зеланд, Австрали, АНУ-ын Калифорни муж улс болон Бразил улсын хүрэхэд хэцүү газруудад өргөн далайцтай туршилтууд явуулсны дараа уг төслийн газар зүйг өргөтгөсөн” гэж АП агентлаг онцлон дурджээ. Тус агентлагийн мэдээлснээр, Индонезын 17 мянган аралд 250 сая хүн оршин суудаг боловч тэдний ердөө 42 сая нь интернэтэд холбогддог байна.

Шинэ технологийг юуны өмнө байгалийн томоохон гамшигт өртсөн бүс нутгуудад шуурхай холбоо тогтооход ашиглах боломжтой гэж “Google” компанийн төлөөлөгчид үзэж байгаа аж. Гэхдээ “Project Loon” төслийн гол зорилго нь хөгжиж буй зах зээлтэй орнууд болон бүс нутгийн оршин суугчдыг утасгүй интернэтээр хангах юм. “Google”-ийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, одоогийн байдлаар 4.7 сая хүн буюу дэлхийн хүн амын гуравны хоёр нь утасгүй интернэт ашиглах боломгүй аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ