Нүүдэлчдийн наадмаар тэмээний отогоор зочлох боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-08 19:20:19
Завхан/МОНЦАМЭ/. Завханд болох нүүдэлчдийн соёлын наадмын нэг гол үзүүлбэр бол тэмээний отог юм. Соёлын наадмын үеэр эрхэм та тэмээний отгоор орж монгол тэмээг нүүдэлчид уналга, ачилга, хүнсэнд хэрхэн яаж ашиглаж хэрэглэж байсан. Тэмээнээс гарах сүү цагаан идээ, ноосыг нүүдэлчид хэрхэн яаж боловсруулж ашиглаж байсаныг газар дээр нь үзэх ажээ.
Мөн тэмээний талаарх бүхий л мэдээллийг эндээс англи, орос хэлээр авах юм байна. Ингээд элсэн элсэн говийн хөлөг буюу хоёр бөхт монгол тэмээний талаар мэдээллийг хүргэж байна. Өнөөдөр Монгол улсад Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн (Өмнөговь аймаг), Ламын гэгээний жаахан шар/улаан (Баянхонгор аймаг), Дөхөм тунгалагийн хос зогдорт (Говь-Алтай аймаг) зэрэг тэмээний угшлууд бий. Тэмээг дотор нь ботго, тором, шилбэ /гурван наст/, /дөрвөн наст/, эм нь гунж гэх ба эр нь тайлаг ат, ингэ, буур, гэж ангилдаг. Мөн тэмээг шүдээр нь ангилахдаа хоёр ба дөрвөн шүдтэй бага залуу ат, зургаан шүдтэй нас гүйцсэн ат, ингэ, буур хэмээн нэрлэдэг.  Тэмээ нь жил өнжиж ботголдог тул бусад малаас өсөлт удаан байдаг бөгөөд маллагаа дутагдвал төл бүр мал болох магадлал багатай учир хариулага, арчилгааг ихээхэн шаарддаг ажээ.  Сонирхуулахад ингэ шилрэх гэдэг нь боос ингэ ботголох болохоороо нэг л тогтворгүй болж, хөл нь хөнгөрөн, алсыг харж, ийш тийш алхлан ижлээсээ сэм салж, хол явахыг шилрэх гэдэг аж.  Шилэрсэн ингэ ботгоо осгоож төл алдах магадлал өндөр тул өдөрт хариулж, шөнөд уяж хөллөх зэргээр сайн хамгаалах хэрэгтэй байдгийг тэмээ хариулдаг малчид хэллээ.  Мөн тэмээний нялх ботго урт хүзүүтэй ч эхээс төрсний дараа нэг сар болохоос нааш хошуу нь газарт хүрдэггүйгээрээ онцлог бөгөөд хошуу нь газарт хүрмэгц өвсөнд ордог. Ингэ ихэр ботго гаргах нь их ховор байдаг тул ингэ ихэрлэсэн тохиолдолд Монголчууд ихэд бэлэгшээж, олон нийтэд зарлан өргөмжилж түүхэнд бичиж үлдээдэг ажээ.  Завхан аймаг өнөөдрийн байдлаар 6.9 мянган тэмээтэй бөгөөд сүүлийн жилд гэхэд хоёр мянгаар өсчээ. Хамгийн олон тэмээ буюу 2057 тэмээг Дөрвөлжин сум тоолуулжээ. Завхан аймгийн нийт мал сүргийн хоёр хувийг тэмээ эзэлдэг ажээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ