“Тогорууны баяр”-ыг дөрөв дэх жилдээ зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-08 15:09:59
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад дотоодын жуулчдад мэдээлэл олгох, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зорилготой “Тогорууны баяр-2017”  аялал жуулчлалын эвент үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ Хэнтий аймгийн Биндэр суманд зохион байгуулагдах гэж байна.

Тус арга хэмжээг Олон улсын тогорууны сан, Зэрлэг амьтан хамгаалах төвөөс санаачлан БОАЖЯ, Биндэр сумын ЗДТГ, ИТХ, Хэнтий аймгийн ЗДТГ, БОАЖГ хамтран жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү үйл ажиллагаа нь Монголд болон дэлхийн хэмжээнд ховордож байгаа Цэн тогоруу, мөн ус намгархаг газрын хамгааллын тухай нутгийн иргэдэд таниулах гол зорилготой юм байна.

Дэлхий дээр 5 төрөлд хамаарах 15 зүйл тогоруу байдаг бөгөөд Монгол оронд нэг төрлийн 6 зүйл тогоруу байдаг аж. Энэ жилийн “Тогорууны баяр” 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Биндэр сумын Цагаан нуурын эрэг дээр зохион байгуулагдах аж. Энэ үеэр Монгол түмний уламжлал соёл болсон эрийн гурван наадам, Тогоруу ажиглах аялал,  6 орны хүүхдүүдийн гар зургийн уралдаан, нүүдэлчдийн ахуйг харуулсан зан үйл зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
 
 
           Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ