Азийн их сургуулиуд алсын хараагаа тодотгож, асуудлаа шийдэх гарц хайв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-06-07 14:40:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. . “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг даяарчлалын эрин зууны хөдөлгөгч хүч хэмээн  тодорхойлж болно. Энэхүү шинжлэх ухаан технологийн огцом хувьслыг идэвхгүй хүлээн авах биш үүнийг эх орныхоо сайн, сайхны төлөө эерэгээр өөрчлөх цаг бидэнд тулгарч байна” хэмээн МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар онцолсон юм. Азийн их сургуулиудын зургадугаар чуулган /AUF/  Туушин зочид буудалд болж байна.
 


МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар чуулганыг нээж хэлэхдээ, “Даяаршсан дэлхий ертөнцөд амьдарч буй бидний хувьд Азийн их сургуулиудын дунд өрсөлдөөн гэхээсээ илүү нягт хамтын ажиллагаа дэлхийн дээд боловсролд бүс нутгийн нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Их сургуулийн тухай бидний уламжлалт ойлголт, сургалтын хөтөлбөрөө хэрхэн боловсруулж, хүргэж буй хэлбэр,  багш гэж хэн бэ гэсэн ойлголт болон судалгаа, сургалт, нийгэмд зориулсан үүрэг зорилгод олон сорилт тулгарч байна. Цаашлаад хиймэл оюун ухаан голлосон шинээр гарч ирэх ажил мэргэжлүүдэд оюутнуудаа эртнээс хэрхэн бэлдэх вэ гэсэн хэрэгцээ урган гарч байна. Тиймээс ч МУИС нийгмийн хариуцлага, бүтээлч сэтгэлгээ, инновацийг хөгжүүлэх ерөнхий суурийн хичээлд гол анхаарлаа хандуулан дахин шинэчилж байгаа. Хэдийгээр энэхүү хувьсгалаар одоогийн олон ажлын байр автоматжуулагдсанаар энгийн чадвар шаардах ажлын байрууд эрс буурна. Гэсэн хэдий ч хүний уран сэтгэмж төсөөллөөр бүтэх бүтээлч ажлыг үнэлэх шинэ ажлын байранд өргөн боломж нээгдэнэ. Тиймээс тэрхүү технологийн давалгаанд шаардлагатай мэдлэг, чадварыг бид оюутнууддаа өгч, хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Судалгааны томоохон төв болохоор зорилт дэвшүүлэн ажиллаж буй МУИС нь биотехнологи,  хиймэл оюун ухаан,  эрчим хүч, эрүүл мэнд зэрэг олон улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч томоохон аж үйлдвэрийн салбарт ажиллах дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц ирээдүйн манлайлагчдыг эх орондоо бэлтгэх цөм төв байх ёстой.

Энэхүү хэтийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бид багшлахуйн арга зүйг цоо шинэ шатанд гаргаж, удирдахуйн шинэ арга барилаар ажиллах шаардлагатай. Эдгээр шинэчлэлийг хийхэд бидэнд бэрхшээл, асуудал тулгарах  ч Монгол Улсын ууган их сургууль, эрдэм судалгааны хамгийн том төвийн хувьд XXI зууны хүн төрөлхтний сайн, сайхны төлөө шинэ мэдлэг бүтээж, технологийн хөгжил дэвшилд шинэлэг но-хау бүхий өөрийн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.



Сөүл их сургуулийн захирал Сун Нак Ин, “Дэлхий дахинд аж үйлдвэрийн хувьсгалын үе эхлээд буй энэ үед их, дээд сургуулиуд хөл нийцүүлэн өөрчлөлт хийх шаардлага тулгарч байна. Сөүл их сургууль бол БНСУ-ыг төлөөлөх их сургууль болохын хувьд шилдэг боловсон хүчнийг бэлтгэдэг. Тиймээс дэргэдээ Энхтайвны хүрээлэнг байгуулж, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд нийцэх аж үйлдвэрлэл ба эрдэм боловсрол хосолсон салбарыг үүсгэн байгуулах суурийг нь бий болгож байгаа. Сөүл Их сургуулиас Солонгост анх удаа Шинэчлэлийн судалгааны төв байгуулсан. Үүнд суурилан Солонгосыг төлөөлөх томоохон корпорациудтай шилдэг багш, оюутан, эрдэмтэд хамтран судалгаа хийж амьдралд нэвтрүүлж байна” хэмээн тодотгов.
 
МУИС, Сөүлийн их сургууль хамтран Монголд анх удаа зохион байгуулсан энэхүү чуулганд Монгол, БНСУ, Тайланд, Вьетнам, Филиппин, Казахстан, Камбожи, БНХАУ, Мьянмар, Непал зэрэг орны 15 их сургуулийн удирдлагууд оролцож “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал дээд боловсролд нөлөөлөх нь” сэдвээр их дээд сургуулиудын оролцоо, хувь нэмрийг хэрхэн тодорхойлж, дээшлүүлэх талаар санаа бодол, туршлагаа солилцсон юм.
 
Тус чуулганы үр дүнд Азийн их сургуулиуд алсын хараагаа тодотгож, асуудлаа шийдэх гарцуудыг хамтдаа эрэлхийлж, хамтын ажиллагаа улам бүр өргөжих юм.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
 
 
 
Холбоотой мэдээ