Хотын хөгжил хотын захаасаа эхэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-06-06 17:23:40
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн төв Дархан хот нь “Эрүүл хот хөтөлбөр”-ийн хүрээнд хотын алслагдсан гэр хорооллын айл өрхийг цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангаж ус түгээх худгуудыг төвлөрсөн усан хангамжийн сүлжээнд холбосон бол гэрэлтүүлэг, замын нөхцөлийг сайжруулж “Жишиг хороолол” төслүүд, дулаан хангамжийн хаалттай системийг нэвтрүүлсэн зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлжээ.
Аймгийн Захирагчийн Албаны дарга Э.Равжаадэлгэрэх: “Манай аймагт “Эрүүл хот хөтөлбөр” 1997-2000 онуудад хэрэгжсэн бол 2002-2010 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн ажлын үр дүнд 2006 онд ДЭМБ, “Монголын Хотуудын Холбоо”-ны “Эрүүл хот” өргөмжлөл, “Цэвэр хот” батламжаар шагнуулсан. Мөн 2008 онд Олон улсын “Эрүүл хотуудын холбоо”-нд 2010 онд “Дэлхийн хотуудын холбоо”-ны гишүүнээр элссэн юм. 2012 онд Дэлхийн эрүүл хотын үйл явц идэвхтэй өрнөж буй хотоор, мөн онд “Дэлхийн Эрүүл хотуудын холбоо”-ны Удирдах зөвлөлийн таван орны нэгээр сонгогдож олон улсын “Эрүүл хотуудын холбоо”-ны их хуралд оролцож байсан түүхтэй. Энэ ч утгаараа манай аймгаас туршлага судлахаар зургаан аймгийн 40 гаруй төлөөлөгчид ирж хоёр өдөр ажилласан юм. Энэ оны тавдугаар сарын 31-нд Эрүүл хотын үйл ажиллагааг дэмжих, харилцан туршлага судлах семинарыг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд явуулсан зэрэг эрүүл хотын чиглэлээр олон ажлыг хийж ирлээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлснээр хотоос алслагдсан гэр хорооллын цахилгаан, дулаан усан хангамж зам зэрэг тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдсэн нь хамгийн том амжилт. Хотын хөгжил гэдэг хотын дундаасаа биш хаяанассаа эхэлдэг” гэв.
                                                                                                                                                       Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ