Модны суулгацыг орон нутагтаа бэлтгэж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-06 15:57:58
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Алтанцөгц сумын “Бекжанай” компани аймгийн ногоон байгууламж, ойжуулалтад шаардлагатай мод бутыг орон нутагт бэлтгэн нийлүүлэх, модлог ургамлын төрөл зүйлийг нэмэгдүүлэх, нутагшуулах зорилгоор  энэ жил сумын төвд мод үржүүлгийн газар байгуулжээ. Эднийх ирэх 10 дугаар сараас боруулж эхлэх ажээ.
Тэрээр орон нутгийн цаг агаар, хөрс, газар зүйн онцлогт дасан зохицох 8 төрлийн 12 мянга гаруй мод ургуулж байна.
Түүнчлэн тус компани нь 2009 оноос Цонжийн хөдөө хэмээх газарт 3 га талбайд чацаргана тариалж байгаа бөгөөд 2016 онд 7,5 тн чацаргана хураан авч, аймгийн иргэдийн нийт хэрэгцээний 20 гаруй хувийг дангаараа хангаж байгаа юм. Тарьж ургуулсан чацаргана боловсруулан савлаж, эцсийн бүтээгдэхүүн болгох зорилгоор 2014 онд жижиг цех байгуулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ «Алтанцөгц чацаргана» нэрээр зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд одоогоор 5 хүнийг тогтмол ажлын байраар, 50-100 хүнийг улирлын чанартай ажлын байраар ханган ажиллаж байна.
Компанийн удирдлага ойрын жилүүдэд тариалалтын талбайгаа өргөжүүлж 10 га-д хүргэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Харин төр засгийн зүгээс жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг тэрээр онцоллоо.
 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ