М.Энхболд: Иргэнээ дээдэлсэн, дэлхийд Монголоо өргөсөн Ерөнхийлөгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-06-06 11:36:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгааг Тусгаар тогтнолын ордонд нээж албан ёсоор эхлүүллээ.

Сурталчилгааны нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, "УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба тэргүүтэй урлаг, спортын алдартнууд оролцлоо. 

Ёслолын арга хэмжээг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, намын штабын менежер Д.Амарбаясгалан нээж үг хэлсэн юм. Тэрбээр "Өнөөдрөөс 20 хоногийн дараа бид хариуцлагатай сонголт хийнэ. М.Энхболд дарга Монгол төрийн төлөө дараалан зүтгэсэн бэлтгэгдсэн төрийн зүтгэлтэн. Монгол гэр бүлээ дэлхийн хэмжээнд хүргэх суурь хөгжлийн мөрийн хөтөлбөрөө Монгол гэрээрээ төлөөлүүлэн Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд хүргэж байна" гэв.  

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, МАН-ын дарга М.Энхболд сонгогч, дэмжигчиддээ хандаж хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн жилийн сонгуулийн амжилт бол хямралыг ялаарай гэж ард түмнээс бидэнд өгсөн үүрэг даалгавар юм. Унаж уруудаж байсан хямралыг бид аргамжин тогтоож чадлаа. Удахгүй бид хямралаас гарна. Улмаар дахин  хямрахгүй байх дархлааг бүрдүүлнэ. Ингэснээр иргэн нь баян, эрүүл саруул, эрдэм боловсролтой, айх аюулгүй Монгол болно. Хүүхэд залуус маань хөгжих орчин, хүсэл мөрөөдлийг нь дэмжих төртэй байх ёстой. Эмэгтэйчүүдээ энэрдэг, ахмадаа асардаг, ядруугаа тэтгэдэг монгол ёсоо дээдэлнэ. Эрүүл саруул, эрдэм боловсролтой монгол хүн л Монгол бахархлыг бүтээж чадна. Тиймээс Монголдоо иргэнээ дээдэлсэн, дэлхийд Монголоо өргөсөн Ерөнхийлөгч байна. Даяаршсан дэлхийд Монгол өөр замаар, ганцаараа явна гэвэл хаа ч хүрэхгүй. Тиймээс хоёр хөрш болон дэлхийн улс түмэнтэй эрх тэгш, найрсаг харилцааг улам хөгжүүлэхийн төлөө зүтгэнэ. Монголын хууль, монголчуудын эрх ашигт нийцэж, шинэ технологи, инновацийг ашиглах, эх байгальд хор хөнөөлгүй аливаа хөтөлбөр, төслийг бүрэн дэмжинэ. Хяналт, шаардлагыг маань биелүүлж, хөгжлийн зорилгод хамтрагч болж буй хэнийг ч бид хөөж туух учиргүй. Тиймээс би гацаах зогсоохыг биш, гарц шийдлийг зөв олдог, Монголын эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг Ерөнхийлөгч байна" гэлээ. 

Мөн "Би Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын манаач нь болохоор нэр дэвшиж байна. Төр тогтвортой бол түмэн олон амгалан байна. Төр тогтвортой бол төгрөг ч бас тогтвортой болдог. Төгрөг нь тогтворжихоор түмний амьдрал сайжирдаг. Энгийн бөгөөд гарцаагүй үнэн бол энэ. Миний өрсөлдөгч бол Хямрал хагарал хоёр юм. Хэлэхээс илүү хийх нь, хямралыг давах нь, хагарсныг эвлүүлэх нь өнөөдөр хамгаас чухал байна. Үндэснийхээ өв соёлыг дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийг эрхэмлэдэг, моринд дуртай монгол хүн миний Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний учир шалтгаан, зорилго эрмэлзэл энэ билээ. Эвтэй Монгол-Ээлтэй төрийн төлөө эвлэж хамтдаа зүтгэцгээе” хэмээлээ.
 


Сонгуулийн сурталчилгааны нээлтэд оролцсон Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди "Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хийж чадах хамгийн сайн бэлтгэгдсэн төрийн зүтгэлтэн гэвэл би М.Энхболдыг хэлнэ. М.Энхболд улс төрийн ноён нуруутай, түшиг тулгууртай хүн гэдгийг би ч мэднэ, монголын ард түмэн ч мэднэ. Улаанбаатар хотыг найман жил удирдаж, Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг нэр хүндтэй, үр бүтээлтэй хашсан, Шадар сайдаар долоон жил ажилласан М.Энхболдод итгэл үзүүлбэл Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хамтарч, нэгдэж ажиллах алтан боломж олдож байна” хэмээлээ.

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “М.Энхболдод ер бусын өвөрмөц зан чанар байдаг нь тэсвэр тэвчээр юм. Энэ тэсвэр тэвчээрийн ард төрийн хүний ноён нуруу байдаг. Ноён нуруутай, түшиг тулгууртай хүн Төрийн тэргүүн болох ёстой. М.Энхболд дарга Төрийн тэргүүн болох ёстой” гэсэн бол УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ "М.Энхболд Монгол Улсын хүнд хэцүү цаг үед ачааны хүндийг үүрч ирсэн туршлагатай. Төрийн жирийн албан хаагчаас Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын даргын албыг хашиж байгаа улс төрийн амьдралын хат суусан, хүлээцтэй, төв үзэлтэй хүн" гэв. 



Нээлтийн ёслолын дараа нэр дэвшигч М.Энхболд гишүүд дэмжигчидтэйгээ мэндчилж, дурсгалын самбарт гарын үсэг зурсан юм. Тэрбээр энэ удаагийн сонгуульд "Монгол төр, Монгол гэр" мөрийн хөтөлбөртэй оролцож байна.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ 
Холбоотой мэдээ