Согтуугаар машин жолоодсон болон хурд тохируулаагүйгээс зам тээврийн осол их гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-05 17:11:36
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн прокурорын газраас 2015, 2016 онд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь аймгийн аль суманд, орон нутгийн чанартай аль замд ихэвчлэн үйлдэгдэж байгаа тухай судалжээ. Дээрх онуудад үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас 28 хүн нас барсан тоо байна. Нийт гарсан 90 гэмт хэргийн 36 хувь нь Эрдэнэбулган суманд
/аймгийн төв/, Хашаат, Тариат суманд тус бүр 8,8 хувь нь, Өндөр-Улаан, Ихтамир сумын нутагт 6,6 хувиар тус тус үйлдэгсэн байгаа юм.

Эдгээр зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаанийг судлахад 20 хувь нь согтуугаар, 23,3 хувь хурд тохируулаагүйгээс гарсан байжээ.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн 90 гэмт хэргийн 52 хувь нь орон нутгийн аймаг, хот хоорондыг холбосон замд үйлдэгдсэн бол 26 хувь нь төв суурин газар, 23 хувь нь хөдөөгийн замд гарсан гэсэн судалгаа гарсныг аймгийн прокурорын газраас мэдээлэв.   

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ