О.Баасанхүү: Ноцтой заалттай Эрүүгийн хууль хэрэгжих гэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-06-05 14:46:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих Эрүүгийн хуулийн зарим ноцтой заалтын талаар өнөөдөр мэдээлэл хийв.

Тэрбээр “Долдугаар сарын 1-нээс Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэх гэж байна. Нэн тэргүүнд эх орноосоо урвах заалтыг байхгүй болгосон байсан. Тагнуулын ерөнхий газар хүртэл миний эсрэг улс төржсөн мэдэгдэл хийсэн. Ингээд эх орноосоо урвах заалтыг ярьж явсны эцэст нэмэлт өөрчлөлтөөр оруулахаар Я.Содбаатар, Б.Батзориг нарын гишүүд өргөн барилаа. Хэзээ хэлэлцэх вэ гэдгийг сайн мэдэхгүй байна. Эх орноосоо урвагчидтай тууштай тэмцэнэ гэдэгт найдаж байна” гэлээ.
 
Мөн тэрбээр Эрүүгийн хуульд хар тамхины хэрэгт маш хөнгөн буюу 5-12 жил оногдуулна гэж зааж өгсөн явдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, уг хуулийн заалтаар хар тамхины хэрэгтэй холбоотой 200 гаруй хүн ялаас чөлөөлөгдөхөөр байгааг онцоллоо.

Улмаар “Эрүүгийн хуулийн 20.7 дугаар заалтад тохиролцож чадвал ялаас чөлөөлнө гээд заачихсан. Өөрөөр хэлбэл хамт хар тамхи хэрэглэсэн хүнээ зааж өгвөл ялаас чөлөөлнө гэсэн үг. Ийм утгагүй заалт дэлхий дээр хаана ч байхгүй” гэлээ.

Үүнээс гадна шинэ Эрүүгийн хуульд хүчингийн хэрэг үйлдсэн тохиолдолд хоёр жилийн ял онооно гэж заасан нь маш ноцтой зүйл хэмээн тодотгов. Тодруулбал "УИХ-ын чуулган дээр Х.Нямбаатар гишүүн 16 жилийн ял онооно гэсэн тайлбар хийсэн. Гэвч хоёр жилийн ял байгаа. Одоо шоронд байгаа хүмүүсийг автоматаар таван жил болгож интервал хийгээд суллахаар болж байна. Олон нийтийн анхаарал сонгуульд хандаад байгаа энэ үед ийм ноцтой заалттай хууль хэрэгжих гэж байна. Иймээс Эрүүгийн хуулийн хэрэгжилтэд ажлын хэсэг гаргаж, ноцтой заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлнэ” гэсэн юм.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ