“Манлай баатар”-ын зээд Их аварга Д.Дагвадорж шинэ байр бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-06-02 13:44:57
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Энэ жилийн эх үрсийн баяраар Дархан хотод энх тунх амьдарч байгаа “Манлай баатар Дамдинсүрэн”-гийн цорын ганц зээ охин Д.Лхамжав гуайд Сумо бөхийн Их аварга Д.Дагвадорж хоёр өрөө байр бэлэглэв.
Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гуай Дархан хотод нийтийн байрны умгар өрөөнд зутруухан амьдардаг талаарх нэвтрүүлгийг “News” агентлагийн сэтгүүлч Л.Нарантөгс нарын баг бэлтгэж олон нийтэд хүргэсэн. Нэвтрүүлгийг үзэнгүүтээ Их аварга Д.Дагвадорж “Сэтгэл эмтэрч зүрх шимшрэв. Миний шүтээн энэ хүний үр сад ингэж явааг дөнгөж сая харлаа. Энэ эрхэм түүхэн хүний хөрөг зургийг хүсэн байж зуруулж ажлынхаа үүдэнд залсан билээ. Агуу эх орончдын үр сад ингэж явах учиргүй. Эвий минь миний эмээгээс ялгаа юу байх вэ?. Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай! Хийнэ ээ! Лхамжав гуайд өөрийн зүгээс эх үрсийн баярыг тохиолдуулж Дархан хотод хоёр өрөө байр бэлэглэж байгааг уламжлаарай" гэж мэдэгдсэн нь олны талархлыг хүлээсэн юм. Аварга амлалтаа биелүүлж Дархан хотод ээжийнхээ хамт ирж Д.Лхамжав гуайд Шинэ Дарханы цэвэр саруулхан “Хүслийн хотхон” дахь шинэ байранд нь оруулж,  гал голомтод нь хадаг уяж өгөөд тавилгыг нь мөн угсарч хийж өгөхөөр болсноо дуулгаж урт наслахын ерөөл өргөлөө.
Тэрбээр банкинд хадгаламжийн дэвтэр нээлгэж Лхамжав гуайд сар бүр өөрийн цалингаас 100 мянган төгрөг бэлэглэж байхаар болсноо хэлсэн юм. Д.Лхамжав гуай баярласан сэтгэлээ дарж ядан: “Энэ Монгол улсынхаа төлөө халуун амиа зориулсан өвөө минь тэнгэрээс эх оронч сэтгэлтэй, ач буянаа хайрласан Дагвадорж хүүг харж байгаа гэдэгт эмээ нь итгэж байна. Өнөөдөр ямар сайхан баярт өдөр вэ?. Их аварга хүүдээ Монгол түмэндээ улам ихийг бүтээхийн ерөөл өргөе” хэмээн нүдэндээ нулимс дуслуулан байж ерөөлөө.
                                                                                                                                                     Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ