Парисын уур амьсгалын хэлэлцээрээс АНУ гарч байгааг Д.Трамп мэдэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-02 09:00:42
ВАШИНГТОН./TASS/. Америкийн эд баялгийг бусад орнуудад тараан өгч буй Парисын хэлэлцээрийг мөрдөх аваас 2025 он гэхэд АНУ-д 2,7 сая ажлын байр үгүй болно. Ийм учраас манай улс Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гарч байна гэж Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдлээ.

“Өөрийн ариун үүргээ биелүүлж, Америк болон Америкийн иргэдийг хамгаалахын тулд АНУ Парисын хэлэлцээрээс гарч байна. Гэхдээ энэ баримт бичигт өөр нөхцлөөр эргэн нэгдэх хэлэлцээг эхлүүлнэ, эсвэл АНУ, тус улсын бизнес эрхлэгчид, ажилчид, татвар төлөгчдөд ашигтай байх тийм цоо шинэ хэлэлцээрийг байгуулах болно” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ “энэ асуудлаар Ардчилсан намын удирдагчидтай нэн даруй санал солилцож эхлэхэд бэлэн байна" гэдгээ дурдлаа.

“Өнөөдрөөс эхлээд АНУ Парисын хэлэлцээрийг биелүүлэхээ зогсоож байна, ингэснээр манай оронд учирч буй санхүү, эдийн засгийн дарамтаас ангижрах юм. НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд (Green Climate Fund) хувь нийлүүлэхээ манай улс зогсоож байна, ингэснээр АНУ-ын хувьд асар их хөрөнгө мөнгийг хэмнэх юм” гэж Д.Трамп хэлжээ.
О.Барс 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ