Кабулд олон хүний аминд хүрсэн дэлбэрэлт үйлдсэнийг зэмлэн буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-31 23:09:01
КАБУЛ. /Reuters/. Өнөөдөр Афганистаны нийслэл Кабул хотод олон хүний аминд хүрсэн дэлбэрэлт үйлдсэнийг тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газар эрс зэмлэн буруушаалаа.

Афганистаны Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан мэдэгдэлд “Афганистаны ард түмний дайснууд хөл хөдөлгөөн ихтэй газарт зэрлэг балмад халдлага үйлдэж, гэм зэмгүй олон хүнийг хөнөөлөө” гэжээ.

Мөн уг мэдэгдэлд “террористууд исламын шашны нэрийг барин дайны гэмт хэрэг үйлдэж, гэм зэмгүй хүмүүсийг олноор нь хөнөөсөөр байна” гэсэн байна.

Орон нутгийн цагаар өнөө өглөөний 8:30  цагт Кабул хотын гадаад улс орнуудын дипломат төлөөлөгчийн газрууд байдаг бүсэд Германы ЭСЯ-ны ойролцоо тэсрэх бодис ачсан нэгэн тээврийн хэрэгсэл  дэлбэрсэн юм. Афганистаны ЭМЯ-ны мэдэгдсэнээр, дэлбэрэлтийн үеэр 80 хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн шархаджээ.

Дэлбэрэлтийн долгионд хэдэн зуун метрийн цаана орших байшин барилгуудын цонх хагарсан аж.

Энэ халдлагатай ямар ч холбоогүй болохоо Афганистан дахь лалын босогчдын “Талибан” бүлэглэл онлайнаар мэдэгдсэн байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ