Атомын бөмбөг хаясан тухай мэдээг анх дамжуулсан эмэгтэй нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-31 17:25:42

ТОКИО./TASS/. Хирошима хотод атомын бөмбөг хаясан тухай мэдээг хамгийн түрүүнд дамжуулсан Японы иргэн эмэгтэй Ёсиэ Ока лимфома гэдэг цусны хорт хавдрын улмаас 87 насандаа таалал төгсчээ.
NHK телевизийн мэдээлснээр, тэрбээр 5 дугаар сарын 19-ны өдөр нас барсан боловч энэ тухай саяхан л нийтэд мэдээлсэн байна.

1945 онд 14 настай байсан Ока цэргийн холбооны ангид алба хаах болжээ. Америкчууд атомын бөмбөг хаясны дараа тэрбээр дээд удирдлагадаа энэ тухай хамгийн түрүүнд мэдээлсэн байна. “Хирошима хотод шинэ маягийн бөмбөг хаяжээ. Тус хот бүрэн устахын ирмэгт байна” гэсэн мэдээг тэрбээр дамжуулжээ.

“Бөмбөг хаясны дараа би гадаа гарахад нэгэн шархадсан цэрэг зогсч байсан. Тэр цэрэг надад шинэ төрлийн бөмбөгөнд өртөн шархадсан гэдгээ хэллээ. Үүнийг нь би тусгай телефон утсаар Фүкүяма хот руу мэдээлсэн юм” гэж Ока дурсан ярьж байв.

Тэрбээр насан туршдаа туяаны өвчнөөр шаналж байсан бөгөөд түүнийг “хибакуся” гэж нэрлэдэг байжээ. Хибакуся гэдэг нь атомын бөмбөгдөлтийг биеэрээ мэдэрч, үлдсэн амьдралынхаа туршид зовж шаналж буй хүмүүсийг хэлдэг.

Гэм зэмгүй олон хүний зовлон шаналал, цөмийн зэвсгийн аюулын талаар бусдад ярьж таниулах талаар Ока маш идэвхтэй ажиллаж байлаа.
Х.Сарнай 
Холбоотой мэдээ