Ж.Мөнхбат: Хариуцлага алдсан бүх албан тушаалтанд арга хэмжээ авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-31 12:09:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатаас зарим зүйлийг тодруулав.

-Ж.Батсуурь сайдыг огцруулах болсон үндэслэл юу байв?
-Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох асуудлыг тавих эрх нь Ерөнхий сайдад бий. Салбарын сайд тухайн салбарынхаа ажил, үйл ажиллагааг Ерөнхий сайд болон УИХ-ын өмнө дангаараа бүрэн хариуцдаг үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу салбарын яамаа удирдаж чадаагүй, удирдлага нь хоёр гурван тийш харчихсан, хэл амаа ололцдоггүй, ажил цалгардсан асуудал удаа дараа гарсан.  2017 оны хоёрдугаар сард ЗГХЭГ-аас Ажлын хэсэг гарч, шалгалт хийсэн. Энэ дагуу яамны удирдлагуудыг байлцуулж, Ерөнхий сайд албан ёсоор үүрэг даалгавар өгсөн. Салбарын сайдад 3 удаа үүрэг өгсөн. Шалгалтын материал тарсантай холбогдуулан Ерөнхий сайд Ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ-аас шалгасан.
Монгол Улсын түүхэнд анх удаа ЕБС-ийн төгсөгч 39.0 сурагч дахин шалгалт өгч байна. Энэ мэтчилэн боловсролын салбарын нэр хүнд унаж байгаа нь Засгийн газрын нэр хүнд, үйл ажиллагаатай холбоотой. Тийм учраас Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд салбарын сайдад арга хэмжээ авч хариуцлага тооцож байна.

-Сайдаас гадна бусад албан тушаалтанд хариуцлага тооцох уу?
-Энэ яамны хариуцлага алдсан дунд, доод шатны, ажил гардаж хийсэн бүх хүмүүст хариуцлага тооцно. Засгийн газрын түвшинд хариуцлага тооцож явна.

-Дараагийн сайд хэзээ томилогдох вэ? БСШУС-ын яам сайдгүй болчихлоо.
-Ажил цалгардах асуудал яригдаж байгаа. Ерөнхий сайд өнөө өглөө ОХУ-ыг зорьсон. Энэ долоо хоногийн сүүлчээр ирнэ. Ерөнхий сайд дараагийн сайдыг томилох асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж, өргөн барина. Өнөөдрийн байдлаар нэр товлосон хүн байхгүй. Энэ хүртэл ЗГХЭГ-ын дарга БСШУС-ын сайдыг түр орлон гүйцэтгэнэ.

-Үүнээс гадна хариуцлага алдсан сайд, бусад албан тушаалтанд хариуцлага тооцохыг гишүүд шаардаж байна л даа. 
-ЗГХЭГ яамд, 21 аймгийн ЗДТГ, агентлаг, ТӨҮГ-уудад Ажлын хэсэг гаргаж шалгалт хийж байгаа. Хариуцлагын асуудал цаашид үргэлжилнэ. Төр өөрөө хариуцлагатай байж төр шиг төр оршино. Хариуцлагыг ярьж эхэлсэн нь өнөөдрийн үйл явдлаас харагдаж байна. Ерөнхий сайд өөрөө томилдог кабинетынхаа сайдыг огцруулж байгаа нь үүний том жишээ.

-Чуулганы хуралдааны үеэр зарим гишүүд Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ нь сайдаа огцруулчихлаа гэж яриад байсан. Үүнд? 

-ТНБД дэд сайд, сайдыг огцруулах хүн биш байхаа. Ер нь БСШУС яаманд үүссэн нөхцөл байдлын хувьд удирдлага, зохион байгуулалтын менежмент, уялдаа холбоо алдагдсан. Тэр бүү хэл ТНБД-тай хамтарч ажиллаж чадахгүй гэсэн албан бичиг, захидлыг газар хэлтсийн дарга нар нь Ерөнхий сайдад ирүүлж байсан. Ийм учраас энэ салбарыг цэгцэлж, ажлыг нь сайжруулж, буруутай хүмүүст хариуцлага тооцох ёстой. Цаашдаа хариуцлага алдаж байгаа сайд, төрийн өндөр албан тушаалтнууд, агентлаг, ТӨҮГ-ын захирлуудад хариуцлага тооцно. Гишүүд ч хэлж байна. Төрийн албан тушаалд томилогдчихоод хувийн компанидаа ажиллаж байгаа юм шиг, тэнгэрээс буугаад ирсэн юм шиг аашилдаг хүмүүс бий болдог. Ийм асуудлыг цэгцэлнэ.
Н.Гантуяа
Холбоотой мэдээ