Сэтгүүлч эмэгтэйг үнссэн теннисчнийг “Ролан Гаррос”-оос хасчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-05-31 10:49:46
ЛОНДОН./BBC/. Талбайн теннисний “Ролан Гаррос” тэмцээнийг зохион байгуулагчид эфирт шууд ярилцлага өгч байх үеэрээ сэтгүүлч эмэгтэйг хэд хэдэн удаа үнсэхээр завдсан Францын теннисчин Максим Аму-гийн тэмцээнд оролцох эрхийг хасчээ.

Францын Теннисний холбоо /FFT/ мэдэгдэхдээ "тамирчны энэ үйлдэл бол огт байж боломжгүй зан авир юм" гэжээ. Үүнээс гадна FFT маргаантай асуудлуудыг шийдвэрлэх комисст энэ хэрэг явдлыг судлахыг даалгасан байна.

Өдгөө 21 настай Францын тамирчин Максим Аму “Ролан Гаррос” тэмцээнд тусгай урилгаар /wild card/ оролцож байгаа ба эхний тойрогт Уругвайн теннисчин Пабло Куэвас-д хожигджээ.

Тоглолтын дараа Eurosport телевизэд ярилцлага өгч байхдаа М.Аму сэтгүүлч эмэгтэй Мали Томасыг үнсэх гэж хэд хэдэн удаа завджээ. Мөн сэтгүүлчийг хүзүүгээр нь тэврэх гэж оролдсон байна.

Сэтгүүлч М.Томас “Huffington Post France” цахим хуудсанд ярилцлага өгөхдөө "М.Амугийн энэ үйлдлүүд нь миний хувьд маш эвгүй байсан" гэжээ.

“Хэрвээ би шууд эфирээр гарч байгаагүй бол түүнд шанаа өгөх байсан” гэж сэтгүүлч нэмж хэлсэн байна. Eurosport телевизийн хэвлэлийн алба мөн М.Аму-гийн энэ үйлдлийг буруушааж, \уучлал гуйхыг түүнээс шаарджээ.

“Ролан Гаррос” гэдэг нэртэй Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн нь "Их дуулга"-ын дөрвөн тэмцээний нэг юм. Энэ оны "Роллан Гаррос" 5 дугаар сарын 21-нд эхэлсэн ба 6 дугаар сарын 10-нд өндөрлөнө.
О.Барс

 

 

 
Правообладатель иллюстрации
 

 

 

Холбоотой мэдээ