"Фейсбүүк"-т “лайк” дарсны төлөө 4100 доллароор торгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-05-31 10:13:49
МОСКВА./TASS/. Даваа гарагт Цюрих хотын дүүргийн шүүх Швейцарийн түүхэнд анх удаа Facebook нийгмийн сүлжээний сэтгэгдэлд “лайк” дарсан хүнд торгуулийн ял оноожээ. Хүнийг гүтгэсэн гэм буруутай 45 настай Швейцарийн нэгэн иргэн 4000 франкын торгууль төлөхөөр болсон тухай AFP агентлагийн мэдээнд дурдсан байна.

Энэхүү дуулиант хэргийн нэхэмжлэгч нь амьтан үржүүлэх, нядлахтай тэмцэх холбооны тэргүүн Эрвин Кесслер юм. 1998 онд Цюрихийн шүүх еврейн уламжлалын дагуу амьтныг нядлах зан үйлийг Германы нацистуудын гэмт хэрэгтэй харьцуулсных нь төлөө Кесслерт цөөн жилийн хорих ял оноож байжээ.

Олон жилийн өмнөх энэ түүх 2015 онд давтагдлаа. Интернетийн нэг хэлэлцүүлгийн үеэр Facebook-ын хэрэглэгчид "Э.Кесслер нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, фашист үзэл, еврейчүүдийг үзэн ядах үзлээ илэрхийлсэн" гэсэн утгатай хэд хэдэн сэтгэгдэл үлдээжээ. Үүний хариуд амьтны эрхийг хамгаалахын төлөө тэмцэгч Кесслер дээрх сэтгэгдэл бичсэн хүмүүсийг шүүхэд өгсөн байна. Улмаар шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргажээ.

5 дугаар сарын 29-ны даваа гарагт Швейцарийн шүүх сэтгэгдлүүдийн нэг дээр “лайк” дарсан хэрэглэгчийг гэм буруутайд тооцсон байна. Шүүгчдийн үзэж байгаагаар, нэрийг нь нууцалсан энэ хэрэглэгч "лайк" дарснаараа “баримтаар нотлогдоогүй зүйлийг үнэлж дүгнэсэн” ажээ. Э.Кесслер нь еврейчүүдийг үзэн ядах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй гэдэг нь шүүхээр нотлогдоогүй байна.
О.Барс 

 

 

 


Холбоотой мэдээ