Үхэр нядлахыг хориглосныг Энэтхэгийн мужууд эсэргүүцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-30 16:26:05
ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Махыг нь худалдан борлуулах зорилгоор үхэр нядлахыг хориглосон шийдвэрийг төв Засгийн газар нь саяхан гаргасантай холбогдуулан Энэтхэгийн хэд хэдэн муж эсэргүүцлээ илэрхийллээ.

Мах махан бүтээгдэхүүний захуудад үхрийн мах худалданн борлуулахыг хориглох тухай “захиргаадсан шийдвэр”-ийг бид дагахгүй гэж Энэтхэгийн зүүн нутгийн Баруун Бенгал болон өмнөд нутгийн Керала мужийн албаны хүмүүс хэлэв.

Тус улсын Засгийн газрын мэдэгдэлд “мал амьтныг ямар ч хяналт зохицуулалтгүйгээр нядалж, худалдан борлуулж байгааг зогсоох зорилгоор ийм шийдвэр гаргасан” гэжээ. Энэ шийдвэр нь Энэтхэгийн хүн амын дийлэнх хувийг эзэлдэг хиндүчүүдийн “ариун амьтан” гэж дээдэлдэг үхрийг хамгаалах зорилготой юм.

Баруун Бенгал, Керала зэрэг Энэтхэгийн хэд хэдэн мужийн ард иргэдийн хувьд үхрийн мах бол өдөр тутмын хоол хүнснийх нь салшгүй нэг хэсэг аж.

Энэтхэгийн засгийн газрын энэ шийдвэр нь мал аж ахуй эрхлэгчид болон мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд мөн ихээхэн сөргөөр нөлөөлнө гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Үхэр нядалсан хүнд бүх насаар нь хорих ял оноох тухай хуулийг тус улсын баруун нутгийн Гужарат мужид энэ оны гуравдугаар сард баталсан юм. Өөрсдийгөө “үхэр хамгаалагчид” гэж нэрлэсэн бүлгүүд хэд хэдэн мужид идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр бүлгийн гишүүд “үхэр алсан” гэх үндэслэлээр лалын шашинт залуусыг хөнөөсөн хэрэг нэг бус удаа гарч байжээ.

Карнатака, Теленгана болон Мегхалая мужууд мөн төв засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байна.

Г.Доржханд



Холбоотой мэдээ