Үсчний газрууд эрүүл ахуй, ариун цэврээр хангалтгүй дүн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-29 21:43:26
Дундговь/МОНЦАМЭ/ Мандалговь хотод үс засах үйлчилгээ үзүүлдэг гуч шахам иргэн байна. Тэд хэсэг бүлгээрээ болон ганцаараа ажлын байр түрээслэн үйлчилгээ эрхэлдэг бөгөөд ингэхдээ үс засах үйлчилгээний Монгол Улсад мөрдөгддөг стандартыг хангалгүйгээр үйл ажиллагаа явуулдаг зөрчил илэрчээ.
Тодруулбал, аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс үс засах үйлчилгээний MNS5160:2002 стандартын дагуу эхний удаад үсчний 7 цэгийн 14 үсчнийг хамруулан үйл ажиллагаанд нь тохирлын үнэлгээ хийсэн бөгөөд үүнд үсчид 60- аас доош хувийн үнэлгээ авсан байна. Энэ тухайд Стандарт хэмжилзүйн хэлтсийн Чанарын баталгаажуулалтын шинжээч Д. Дэнсмаагаас тодруулахад, үсчний газруудын ариун цэвэр тааруу, цэвэрлэгээ, ариутгал хийдэггүй, үсчид эрүүл мэндийн шинжилгээнд хамрагддаггүй нийтлэг зөрчил байгааг хэллээ. Стандарт шаардлага хангасан үсчний газар  алга байна гэв.
Үйлчлүүлэгчдэд хэрэглэж байгаа сам, бусад багаж хэрэгслийн ариутгал тун хангалтгүй, ариутгалын аппарат, угаалгын машин байхгүй, зарим үсчид энгэрийн тэмдэг, ажлын хувцас хэрэглэж хэвшээгүй,  ажиллах цагийн хуваарь болон хаяг, мэдээллийн самбар байршуулаагүй зэрэг тоочвол олон шаардлагыг үл хайхран ажиллаж байгаа ажээ.
Үйлчлүүлэгчийн эрүүл ахуй, цаашлаад эрүүл мэндтэй холбоотой үйлчилгээ үзүүлж байгаагийн хувьд үсчний газруудын ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах, Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартыг хангуулах шаардлагыг зүй ёсоор тавина. Үүний тулд хугацаатай албан шаардлага хүргүүлнэ гэлээ.
 
Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ