Швейцарь, Франц, АНУ, Япон, Канад, Германд суух Элчин сайдуудыг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-25 11:21:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар зарим Элчин сайд нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэнг,  Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидийн Баттөрийг, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбатыг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэрийг, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаярыг, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарийг тус тус томилох саналыг байнгын хороотой зөвшилцөхөөр хүргүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр авч хэлэлцээд дэмжсэн.
 
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, "Япон Улсад суух Элчин сайдаар томилогдох Г.Тэнгэрт хандаж хэлэх үг байна. Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсны 1 жилийн ой болох гэж байна. Энэ хугацаанд хэлэлцээр хэрхэн хэрэгжив гэдэг дээр дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Бид өнөөдөр зээлээр амьдарч байна. Хойшдоо бид ингэж амьдарч болохгүй. Иймд хэлэлцээрийг идэвхжүүлэх тал дээр онцгойлж ажиллаарай" гэв.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, "Томилогдож байгаа хүмүүс дотор санал нийлэхгүй хүн байна. Оффшорын эсрэг бүлгийн зүгээс Швейцарийн талтай хамтарч байгаа. Элчин сайдаар суух Л.Пүрэвсүрэн энэ үйл ажиллагаанд нөлөөлнө гэж үзэж байна. Өмнө нь тамхины хэрэгт оролцож, Европ руу нэвтрэх эрхээ хасуулж байсан гэсэн мэдээлэл байна. Энэ тал дээр тайлбар өгнө байх гэж бодож байна" гэхэд нэр дэвшигч Л.Пүрэвсүрэн, "Тамхины хэрэгт оролцож байсан гэдэг бол худлаа мэдээлэл. Би Европ руу чөлөөтэй нэвтэрч байгаа. Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсны хувьд албан ёсны тайлбараа хийж байна. Оффшорын асуудал дээр өгсөн үүргийг биелүүлж ажиллах болно" гэсэн тайлбарыг хийв.

Энэ үеэр ихэнх гишүүд улс орны эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх, энгийн иргэддээ хандсан үйл ажиллагаа явуулж байх, аливаа улстөржсөн үйлдэл гаргахгүй байхын зэрэгцээ улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж явахыг захиж байлаа. Түүнчлэн дипломат албаны нэр хүндийг унагасан, ажлын алдаа дутагдал гаргасан тохиолдолд эргүүлэн татах болно гэдгээ хэлж байсан юм. Харин Элчин сайдад нэр дэвшигчид суугаа орондоо очоод ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа гэдгээ товч танилцуулсаны зэрэгцээ толгойлж ажиллах ЭСЯ-ны түвшинд сахилга хариуцлагыг хангаж, хариуцлагатай ажиллана гэдгээ илэрхийллээ.

Үүний дараа Элчин сайд нарыг томилох эсэх тухайд санал хураалт явуулахад олонх дэмжсэн бөгөөд Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдоржийг, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайханыг, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болорыг, Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатарыг, АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлийг, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэлийг нарыг эгүүлэн татахаар болов. 
Б.Туул
Холбоотой мэдээ