Математикийн улсын олимпиадад амжилт гаргасан багш, сурагчдыг бодлогоор дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-25 10:41:05
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд анх удаа “Математикийн стандарт"  нийтийн олимпиадыг 2-12 ангийн 9365 сурагчид, 221 багш нарыг оролцуулан амжилттай зохион байгууллаа. Тус олимпиадад оюуны хурд, авхаалж самбаа, сэтгэн бодох чадвараараа өрсөлдөн 12 сургуулийн 11 багш, 94 сурагч медаль хүртэж, 97 сурагч тусгай байрын шагналын эзэн болжээ. 
Өмнөговь аймаг 1989 оноос хойш өнөөдрийг хүртэл Математикийн улсын олимпиадаас медаль аваагүй байгаа. Тиймээс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “ОЮУНЫ ХУРД” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж үүнийхээ хүрээнд дээрх олимпиадыг зохион байгуулсан юм. 
 Олпиадад амжилт гаргасан багш, сурагч, сургуулийг гүйцэтгэлээр нь шалгаруулахад нийт медаль авсан сурагчдын 11 нь алтан медаль, 26 сурагч мөнгөн медаль, 69 сурагч хүрэл медаль, 98 сурагч тусгай  байрын шагнал авсан байна. Шагнал авсан багш, сурагч, сургуулийн шагналыг  аймгийн удирдлагууд гардуулж баяр хүргэн цаашид аймаг, бүс, улсын олимпиадад амжилттай оролцохыг хүслээ. 
Гүйцэтгэлийн нийлбэр дүнгээр “Математикийн шилдэг сургууль” 39 медаль, 26 тусгай байр хүртсэн улсын тэргүүний лаборатори нэгдүгээр бүрэн дунд сургууль, “Математикийн шилдэг багш”-аар тус сургуулийн Математикийн багш Д.Шинэбаяр шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан байна.
Өмнөговчууд бид Оюутолгой, Таван толгойгоор биш Оюунлаг толгойгоороо орон нутаг болон улс эх орноо хөгжлүүлнэ гэдгийг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар онцолж хэллээ. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ