Хүүхдийн баяраар “Цасангоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-05-24 17:54:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УДБЭТ-ын тайзнаа  “Цасангоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг зургадугаар сарын 1-ний өдөр дахин тоглоно. 

Хоёр бүлэг, таван үзэгдэлт энэхүү бүжгэн жүжгийн балетмейстерээр Г.Батчимэг, хувцасны дизайнерээр Я.Цэцэгдорж тайзны зураачаар Б.Алтансүх нар тус тус ажиллаж байна.

Хүн бүхний танил, дэлхий дахинд алдартай "Цасангоо" хэмээх энэхүү үлгэрийг ах дүү Гримм 1812 онд зохиосон бөгөөд дэлхийн 100 гаруй хэлнээ орчуулагдан тайз, дэлгэцийн олон бүтээлийн гол сэдэв болсон гайхалтай бүтээл юм. 1937 онд Уолт Дисней студийн таван жилийн турш хөдөлмөрлөж бүтээсэн "Цасангоо ба долоон одой" хэмээх бүрэн хэмжээний, хөгжимт хүүхэлдэйн киноны хамгийн алдартай Цасангоогийн дүр нь өнөөгийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдийн зүрх сэтгэлд мөнхөрсөн, хайртай дүр билээ.

Дэлхийн олон театрт Цасангоо балетыг тоглодог бөгөөд “Nomadic Ballet Production”-ы авьяаслаг залуус хөгжмийн зохиолч Б.Павловскийн хувилбараар эх орныхоо тайзан дээр 2016 оны 11 дүгээр сард анх удаа амилуулан, Монголын сонгодог урлагийн хөгжилд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм.

Энэхүү бүжгэн жүжгийн тасалбар нь 20-25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбар бүрт бэлэгтэй аж.
 
Ж.Болор
Холбоотой мэдээ