Ц.Мөнх-Оргил: Давхар иргэншлийг зөвхөн монгол эцэг эхтэй хүүхдэд олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-23 13:47:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамнаас сар бүр зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” уулзалт өнөөдөр тус яаманд боллоо. Уг уулзалтад салбарын сайд Ц.Мөнх-Оргил оролцож мэдээлэл хийв.
 
Дараалсан айлчлалуудтай сар болж өнгөрлөө

Мэдээллийн эхэнд сайд Ц.Мөнх-Оргил өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон айлчлалуудын талаар товч мэдээлэл өгсөн. Үүнд:
 
-Монгол Улсын Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат энэ сарын 12-15-нд БНХАУ-ын дарга Ши Жинпиний урилгаар Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцлоо. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Ши Жинпинд бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийсэн ба энэ үеэр улстөрийн ямар нэг үл ойлголцол байхгүй. Харин цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарья гэдэгт санал нэгдсэн байна. Айлчлалын хүрээнд 21 баримт бичигт гарын үсэг зуржээ.

-Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь  манай улсад энэ сарын 7-10-нд албан ёсоор айлчиллаа. БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай  албан ёсны хэлэлцээ хийв.

-Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 2-3-ны өдрүүдэд Европын Холбоонд албан ёсны айлчлал хийлээ.  Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Фредерика Могеринитэй уулзаж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхав.

-Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөний урилгаар энэ сарын 16-19-ний өдрүүдэд БНАСАУ-д айлчлав. Энэ үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж, бүс нутгийн байдлын талаар санал солилцсон байна. Яриа хэлэлцээний үеэр дэд сайд Б.Батцэцэг ирэх сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болох “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IV бага хуралд БНАСАУ-аас албан ёсны төлөөлөгч оролцохыг урьжээ.

-Монгол-Их Британийн дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо болж өнгөрсөний зэрэгцээ Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын зөвлөлийн хуралдаан Бээжин хотноо болж өнгөрчээ.


                          Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох иргэдээ бүртгэж дуусчээ
 
Ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд хилийн чанад дахь монгол иргэдийнхээ саналыг авна. Энэ хүрээнд санал өгөх иргэдийн бүртгэлийг явуулсан байна. Ингэхэд 33 оронд суугаа 45 ДТГ-т 7374 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн. Энэ нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад даруй 1000 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт аж. 

Хилийн чанадад байгаа иргэдийн сонгуульд оролцох идэвх яагаад төдийлөн өндөр биш байгааг энэ үеэр тодруулсан. Сайд Ц.Мөнх-Оргил, "Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд ЭСЯ-ндаа бүртгүүлэх ёстой. ЭСЯ-ны байранд тэдний саналыг авна. Гэтэл ЭСЯ-д гол төлөв тухайн улсын нийслэлдээ байрладаг. Тухайлбал, Бельгийн нийслэлд 60-70 монгол иргэн амьдарч байхад нэг цаг гаруй хугацаанд хурдны замаар явж хүрэх зэргэлдээх хотод 600-700 монгол иргэн амьдарч байх жишээтэй. Хоёрдугаарт өнөөдөр 140 мянган монгол иргэн харьд байгаагийн бараг тэн хагас нь хууль бус оршин суугч. Тэр байдлаасаа болж санал хураалтад оролцох байх нь бий" хэмээн хариулав.
                                               
Ойрын үед юу болох вэ
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Казахстаны нийслэл Астана хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүн нарын зөвлөлдөх уулзалтад оролцоно. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын урилгаар Санкт-Петербург хотноо  6 дугаар сарын 1-3-нд болох Эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, тус улсын болон бусад улс орны удирдлагуудтай уулзалт хийхээр болсон байна. Энэ сарын 30-нд Гадаад харилцааны яамны “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулах юм. Энэ үеэр тус яам нэгж албадын үйл ажиллагаагаа сурталчлахын зэрэгцээ консулын үйлчилгээ үзүүлэх бөгөөд түүхийн онц сонирхолтой баримт, фото зураг зэргийг олны хүртээл болгох нь.


                         
 Монгол эцэг эхтэй бол давхар иргэншилд хамруулна
 
Давхар иргэншлийг шийдвэрлэх асуудал сүүлийн үед ямар шатандаа явааг салбарын сайдаас тодруулсан. Эл асуултад Ц.Мөнх-Оргил, "Монгол аав ээжтэй хүүхдүүд давхар иргэншил олгоно. Тухайлбал АНУ-д төрсөн хүүхэд хөрсний зарчмаар шууд тус улсын иргэн болдог. Гэтэл манай улс давхар иргэншил зөвшөөрдөггүй тул тэрхүү хүүхэд Монголынхоо иргэн болж чадахгүй байна. Тиймээс давхар иргэншлийн асуудлыг оруулж ирсэн. Түүнээс хятад болон бусад орны иргэдэд давхар иргэншил олгох тухай асуудал огт хөндөөгүй" хэмээн хариуллаа.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал



Холбоотой мэдээ