Олимп, дэлхийн аварга Н.Воробьёвагийн нэрэмжит тэмцээнээс 10 медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-28 15:47:08

Лондонгийн олимпийн аварга, 2015 оны Лас-Вегасын ДАШТ-ий алтан медальт ОХУ-ын алдарт бөх Наталья Воробьёвагийн нэрэмжит "Бүх Оросын өсвөрийн эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн" Эрхүү хотын "Байкал Арена" спортын ордонд энэ сарын 25-нд болж Монголчууд тэргүүн байр эзлэв.

Манай улсаас энэ удаагийн тэмцээнд 13 бөх хүч үзсэнээс 3 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр нэгдүгээр байр эзэлж Эрхүү, Кемерово мужийн багуудыг ардаа орхив. Олимп, дэлхийн аварга Наталья Воробьёвагийн хувьд Эрхүү мужийн Тулун хотод төрсөн. Өнгөрсөн жилээс эхлэн түүний нэрэмжит тэмцээнийг Эрхүү хотноо зохион байгуулж байна. Тэрбээр тэмцээнд өөрийн биеэр хүрэлцэн ирж шагнал гардуулжээ.Тус тэмцээнд манай өсвөрийн баг тамирчдыг Налайх хотын БТСГ-ын дасгалжуулагч Д.Мөнхбаяр, Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч Э.Батхишиг нар удирдан оролцуулжээ.

Энэ удаагийн тэмцээнд 1999-2001 онд төрсөн өсвөрийн бөхчүүдийн дунд 32, 34, 37, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг жингийн ангиллаар шилдгүүдээ тодруулжээ. Алтан медалийн эздээр 52 кг-д Б.Халиунаа (Эрдэнэт хот "Ирээдүйн Одод" Спортын сургууль), 60 кг-д Б.Сарнай (Налайх хот), 65 кг-д Б.Үүрийнтуяа (Налайх) нар тодорсон бол мөнгөн медалийг 43 кг-д Т.Цээням (Баянхонгор аймаг), 46 кг-д Б.Сэлэнгэ (Эрдэнэт хот "Ирээдүйн Одод" Спортын сургууль), 56 кг-д Г.Энхсувд (Налайх хот), 65 кг-д Э.Дэлгэрмаа (Өвөрхангай аймаг), 70 кг-д С.Нуржан (Налайх) тус тус хүртсэн байна. Харин хүрэл медалийн эздээр 46 кг-д Н.Пүрэвтунгалаг (Баянхонгор аймаг), 46 кг-д  Д.Отгонжаргал (Сэлэнгэ аймгийн спортын сургууль) шалгарлаа.

Ийнхүү Эрхүүгийн дэвжээнд гялалзсан амжилт гарган багийн дүнгээр тэргүүлсэн өсвөрийн баг тамирчдыг Монгол Улсаас Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Болд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ