Баян-Овоо сумын анхны санхүүчийн алдрыг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-22 12:22:46
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын анхны Санхүү тасгийн дарга Б.Төмөө агсны нэрэмжит нэг өдрийг “Бүтээлч санхүүч 2017” аяны хүрээнд зохион явууллаа. Тус арга хэмжээнд нутаг орныхоо төлөө нэгэн сэтгэлээр хамтдаа ажиллаж зүтгэж ирсэн ахмадууд болон сумын удирдлагууд, нутгийн иргэд оролцсон байна.
Өдөрлөгийн хүрээнд волейболын тэмцээн, АХА, сургуулийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаануудыг зохион явуулснаас гадна тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа Б.Төмөө агсны үр хүүхдүүд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан байна. Нутаг орныхоо төлөө хамтран ажиллаж зүтгэж ирсэн ахмадууд нь Б.Төмөө агсны талаар олон сайхан дурсамжит түүхэн яриаг өрнүүлж байлаа. Баян-Овоо сумын анхны Санхүү тасгийн дарга Б.Төмөө агсны 10 хүүхэд нь өнөр өтгөн гэр бүлүүд болж, ажилласан салбартаа тэргүүлэгчид нь болцгоосныг нутгийн хөгшид магтан ярьж байв.
Баян-Овоо сумын анхны Санхүү тасгийн дарга Б.Төмөө нь 1938 онд Баян-Овоо сумын нутагт төрж, 1950 онд бага сургууль, 1976 онд Санхүү эдийн засгийн техникум төгсч Нягтлан бодогчийн мэргэжил эзэмшчээ. 1976 онд  Баян-Овоо суманд шинээр байгуулагдсан Санхүү тасгийн анхны даргаар томилогдон 1989 он хүртэл ажилласан байна. Тэрээр ардын цэргийн алба хааж байх хугацаандаа  20 гаруйхан насандаа Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр,  мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар 2 удаа шагнуулж байжээ.
Б.Төмөө агсны нэрэмжит өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тус арга хэмжээг үр хүүхдүүд нь жил болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.
                                                                                                                                                                Б.Мөнхзул
Холбоотой мэдээ