Израил Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-20 15:31:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Израилын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж тус бүлгийн гишүүн Д.Мурат, З.Нарантуяа нар өчигдөр Израил Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Хэйфец тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эрхэм Элчин сайд Ц.Хэйфецийг өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан явдалд баяр хүргэж, хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тэрбээр, өнгөрсөн хугацаанд хоёр талын хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж ирсэн. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгчдийн тоонд Израил Улс зүй ёсоор багтдаг гээд хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт Израилын өндөр технологийг нэвтрүүлэх, Израилын бизнес эрхлэгчдийг Монголд хөрөнгө оруулалт хийх чиглэлд хамтрах, хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагааг нь идэвхжүүлэхэд тодорхой ажлууд хийх боломжтойг дурдлаа. Мөн энэ оны 9 дүгээр сард Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тэргүүтэй төлөөлөгчид Израил Улсад албан ёсны айлчлал хийх товтой байгааг тэмдэглээд энэ айлчлалын үеэр Израилын хөдөө аж ахуй, өндөр технологийг судлах хүсэлтэй байгаагаа уламжлав.

Элчин сайд Ц.Хэйфец “Итгэмжлэх жуух бичгээ өргөн барисандаа баяртай байна. Манай улсын ололт амжилт, мэдлэг туршлагаас хуваалцахад бид татгалзахгүй. Ялангуяа хөдөө аж ахуй, эм, аж үйлдвэрийн салбарт Израилын өндөр технологийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтой. Мөн манай шилдэг туршлагыг судлах асуудалд бид анхаарлаа хандуулан ажиллах болно” гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Холбоотой мэдээ