Н.Мадуро Мексикийг “бүтэлгүй улс” гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-20 12:16:34
МЕХИКО./TASS/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро баасан гарагт тус улсын нөхцөл байдалд санаа зовж байгаагаа илэрхийлж байсан хэд хэдэн орныг эрс шүүмжилжээ. Тэдгээр улсын тоонд Мексик, АНУ, Колумб зэрэг орнууд багтаж байгаа аж.. Энэ тухай Venezuela de Television телевиз мэдээлжээ.

Н.Мадурогийн үзэж байгаагаар, Мексик улс “хүчирхийлэл, тэгш бус байдал, хар тамхины хууль бус наймаанаасаа болоод бүтэлгүй улс” болж хувирсан ажээ. Мөн Венесуэлийн төрийн тэргүүн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Мексикт өөрийн иргэдээ хамгаалах засаглал байхгүй байна" гэж шүүмжилснийг бас дурджээ. .

Пүрэв гарагт Цагаан ордны тэргүүн Вашингтонд Венесуэлийн нөхцөл байдлын талаар Колумбийн Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос-той  ярилцжээ. Д.Трамп “өчигдрийн хэвлэлийн хурал дээр Ерөнхийлөгч Сантосыг доромжилсон” гэж Н.Мадуро үзэж байгаа юм. Үүнээс гадна, Венесуэлийн Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгчөөс “бохир заваан гараа Венесуэлээс татаж авахыг” шаарджээ. “Их гүрний оролцоо одоо бидэнд  хангалттай!” хэмээн Н.Мадуро онцлон тэмдэглэжээ.

Улс төр, нийгэм эдийн засгийн хямрал нүүрлээд буй Венесуэльд 4 дүгээр сарын эхнээс хойш гүйцэтгэх засаглалын үйлдлийг эсэргүүцсэн олныг хамарсан 950 гаруй эсэргүүцлийн жагсаал цуглаан болжээ. Төрийн бус байгууллагын мэдээгээр, 2300 гаруй хүнийг баривчилсан ба тэдний 700 гаруй нь саатуулагдсан хэвээр байгаа юм. Сөрөг хүчний тооцоолсноор, хүчний байгууллагын үйлдлийн улмаас 50 орчим хүн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэл бэртэл авчээ. .
О.Барс
Холбоотой мэдээ