Ганганбайгаль: Морин хуур манай хамтлагийн салшгүй хэсэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2017-05-19 11:54:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Рок хөгжим сонсдоггүй хүмүүсийн хувьд “Тэнгэрийн хөлөг” гэх нэр   танил биш ч үргэлж шинийг эрэлхийлдэг метал рок хөгжим сонирхогчид энэ нэрийг андахгүй.  

Нью Йорк хотоос уран бүтээлээ туурвидаг “Тэнгэрийн хөлөг” хамтлаг нь дэлхийн рок хөгжмийн орон зайд нүүдэлчдийн фолк метал гэх шинэ жанр, шинэ дуугаралтыг гаргаж ирээд буй. “Дэлхий даяар рок хөгжим ихэвчлэн барууны шинжтэй сонсогддог бөгөөд хүмүүс тэр бүр дорно дахины дуугаралтыг мэддэггүй. Харин одоо хүмүүс Азийн хөгжмийг сонирхож эхэлж байна” хэмээн хамтлагийг үүсгэн байгуулагч, ахлагч Ганганбайгаль МОНЦАМЭ агентлагийн Монгол Мессенжер сонинд өгсөн цахим ярилцлагадаа онцолсон юм.
 
Billboard, CNN, MTV-гээс авахуулаад хэд, хэдэн хэвлэлд нийтлэгдээд буй нүүдэлчдийн фолк метал урсгал барууны хөгжим сонирхогчдод шинэлэг сонсогдож буй ч дорнын соёлууд үүнтэй төстэй фолк ролк хөгжмийг хэдийнээс тоглож, сонсож ирсэн билээ. Гэсэн хэдий ч, гарал үүсэл, эх соёлоос үл хамааран сонссон хэний ч доторх дайчныг сэрээж чадах “Тэнгэрийн хөлөг” хамтлагийн нүүдэлчдийн фолк метал хөгжим “гоё” хөгжмийг дахин тодорхойлоод зогсохгүй, дорнын фолк рок хөгжмийг шинэ түвшинд аваачсан гэж хэлж болно.
 
Тэрбээр “Бид өөрсдийн хөгжмийг монгол фолк метал гэж тодорхойлж байсан бол хэсэг хугацааны дараа нүүдэлчдийн фолк метал болгон өөрчилсөн. Учир нь Монголд Алтан ураг гэх мэт гайхамшигтай хамтлагууд байдаг, бид монголын рок хөгжмөөс нэр зээлдэхийг хүсэхгүй байна. Бид тэднийг маш их хүндэлдэг”, гэж нүүдэлчдийн фолк метал гэх нэршлийг тайлбарлав. Түүнчлэн, Сибирийн бөө мөргөлийн дуудлага, уугуул америкчуудын болон төв Азийн фолк хөгжим “Тэнгэрийн хөлөг” хамтлагт нөлөө үзүүлжээ. “Эдгээр соёл нүүдэлчин заншилтай ямар нэгэн байдлаар холбогддог тул бид нүүдэлчдийн фолк метал гэж нэрлэхээр шийдсэн. Нүүдэлчдийн фолк метал гэдэг нэр бидний хөгжим дэх фолк аясыг дэлхий даяарх сонсогчдод маань илүү тодорхой ойлгуулах байх” гэж тэрбээр нэмж хэлсэн юм.
 
Монгол үндэсний хөгжим сонсож байгаагүй хүмүүс “Тэнгэрийн хөлөг” хамтлагийг анх сонсоод морин хуурын аялгууг танихгүй ч монголчууд шууд л мэднэ. Энэ талаар Ганганбайгаль “Бид морин хуураар дууныхаа хамгийн чухал, сэтгэлийн хөдлөл бүхий хэсгүүд, дахилт, заримдаа эрч хүчтэй айзамт хэсгүүдийг тоглодог. Морин хуур маш олон мянган жилийн түүхтэй, гайхалтай хөгжмийн зэмсэг. Морин хуургүйгээр Тэнгэрийн хөлөг хамтлаг Тэнгэрийн хөлөг биш” хэмээн ярьсан юм. “Тэнгэрийн хөлөг” хамтлагийн дуунуудаас мөн казах түмний домбор, уугуул америкчуудын лимбийг сонсож болно. Тэрбээр “Бидэнд эдгээр хөгжмийн зэмсгүүд их чухал” гэлээ.
 
2010 онд Бээжинд соло төсөл хэлбэрээр үүсгэн байгуулагдсанаас хойш “Тэнгэрийн хөлөг” гэх нэр өдгөө Ганганбайгаль (гитар, хөөмий, морин хуур) Алекс Абаев (басс гитар) Жош Шрифрис (бөмбөр) Роберт Маклафлин (икэл хуур, шанз, хөөмий) Өлзиймөрөн (морин хуур) гэсэн 5 гишүүнийг нэгтгэх болжээ.


 
Хамтлагийн уран бүтээлийг https://www.tengger-cavalry.com/ хуудсаар нь зочилж сонсох боломжтой бөгөөд “Mountain Side” уран бүтээл нь 2016 оны Глобал хөгжмийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан юм. Хамтлаг “Sunesu Cavalry”(2012), “Blood Sacrifice Shaman”(2015), “Hymn of the Earth”(2016), “Cavalry in Thousands”(2016) зэрэг 4 студийн цомог гаргаад байгаа бөгөөд энэ оны 6 дугаар сарын 2-нд “Die On My Ride” нэртэй шинэхэн цомгоороо сонсогчдынхоо сонорыг мялаахаар бэлдэж байна. Уг цомог нь хамтлаг энэ оны 3 дугаар сард Лас Вегаст төвтэй “M-Theory Audio” компанитай гэрээ байгуулснаас хойшхи анхны цомог болох юм. Шинэ цомгоо тодорхойлохгүй юу гэсэн асуултад Ганганбайгаль “Дайчид эцсээ хүртэл тулалддаг” гэсэн ганцхан өгүүлбэрээр хариулсан нь фэнүүдэд нь хангалттай биз ээ.
 
Ганганбайгаль хэд, хэдэн үндэсний хөгжмийн зэмсэг тоглож, хөөмийлөхөөс гадна хамтлагийнхаа дуунуудыг зохиодог. “Талд морь унаж, малчин айлын ахуйд өнгөрүүлсэн өдрүүд, бөөгийн ёс заншил, байгаль цаг уурын хүнд нөхцөлд амар амгалан амьдрах нүүдэлчид зэргээс санаа авч дуугаа бичдэг” гэж тэрбээр ярив. Ганганбайгалийн хувьд “Тэнгэрийн хөлөг” гэх нэр нь бөөгийн зан үйлийг хамгаалагч дайчныг илэрхийлэх бөгөөд тэрбээр өөрөө бөөгийн шүтлэгтэй аж.
 
Анх “Тэнгэрийн хөлөг” хамтлагийг үүсгэн байгуулах болсон шалтгааныг нь асуухад тэрбээр “Миний монгол соёлыг хайрлаж, хүндлэх сэтгэл, талын нүүдэлчин амьдрал намайг энэ замд хөтлөн оруулсан болов уу. Ялангуяа одоо цагт аж үйлдвэрийн ноёлол нүүдлийн соёлд нөлөөлөөд зогсохгүй аюул учруулж байна. Тиймээс нүүдлийн соёлыг хамгаалж, гайхамшгийг нь таниулах нь маш чухал. “Тэнгэрийн хөлөг”-өөр дамжуулан би монгол соёл, хөгжмийг танин мэдэж, нүүдлийн соёлоос суралцаж байна даа” гэсэн юм.
 
Тэрбээр “Миний хувьд, Монголын уламжлалт соёл бол эр зориг, энх тайвны хослол. Монголчуудын дайн тулаанч чанараас эр зориг урган гарч, эх дэлхийг шүтсэн, нүүдлийн амьдралаас энх тайван төрсөн гэж ойлгодог. Мэдээж энэ зөвхөн миний л ойлголт, би суралцсаар байгаа. Харин монгол үндэсний хөгжим эх дэлхий, амьд бүхнийг хайрлах сэтгэлтэй нягт холбоотой, байгальтайгаа ойрхон санагддаг” гэж монгол соёл, хөгжмийн талаарх бодлоо хуваалцсан юм.
 
Ганганбайгаль Бээжинд төрж өссөн бөгөөд АНУ руу шилжин суурьшихаасаа өмнө, 19 настай байхаасаа хөөмийлөх, морин хуураар тоглохыг ӨМӨЗО-ноос ирсэн “мундаг” багш нараасаа сурсан байна. Тэрбээр Монголын хөөмийчдийн тоглолтыг үзэж байсан бөгөөд маш их таалагдсан гэв. “Би Өвөр Монголд олон удаа очиж байсан, Монгол улсыг үзэхийг хүсдэг” гэж тэрбээр ярилцлагын төгсгөлд ярьсан билээ. Түүний хүсэл биелэлээ олж, “Тэнгэрийн хөлөг” хамтлаг Монголын үзэгчдэд бэлэг барих цаг холгүй гэж найдан, дээр дурдсан сайтаар нь зочлохыг рок хөгжим сонирхогчдоосоо хүсье.
 
Х.Аминаа
Холбоотой мэдээ