Ираны газрын тосны нийлүүлэлтэд тавьсан хоригийг Д.Трамп сунгажээ

Дэлхийд | Улс төр
bars@montsame.mn
2017-05-18 09:45:43
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранаас нийлүүлж буй газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнд тавьсан хоригийн үйлчлэх хугацааг сунгажээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээллээ.

Ирантай газрын тосны салбарт хамтран ажиллах явдлыг ямар нэгэн хүндрэлгүйгээр зогсоож болохуйц хэмжээний газрын тос дэлхий дээр хангалттай бий гэж АНУ-ын төрийн тэргүүн зарлигтаа дурджээ. “Эрчим хүчний яамны мэдээллийн газраас АНУ-ын Конгресст ирүүлсэн илтгэлийг нягтлан судалж үзэж, мөн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, зарим  улс орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлж байгааг тооцож үзсэний үндсэн дээр Иранаас газрын тос нийлүүлэлтийг эрс хорогдуулж болохуйц хэмжээний газрын тосыг дэлхий даяар олборлож байна гэсэн дүгнэлтэнд би хүрлээ” хэмээн төрийн тэргүүн онцолжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч “нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байх болно” гэдгээ хэллээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн Засаг захиргаа “Ираны талаар баримтлах бодлогоо эргэн харж” байгаа төдийгүй Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа гэдгийг дурджээ. Үүнтэй холбоотойгоор “АНУ одоогийн байдлаар Ираны түүхий газрын тосны нийлүүлэлтийг багасгах тал дээр хүчин чармайлт тавихгүй байгаа” гэж Д.Трамп дурджээ.

Лхагва гарагт АНУ-ын Сангийн яам Ираны баллистик пуужингийн хөтөлбөрт холбоотой дөрвөн байгууллага болон гурван хүнийг хоригийн жагсаалтандаа нэмж оруулсан байна.
О.Барс 

 

 

 

 

Холбоотой мэдээ